Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-09 19:19:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногт нөөцийн махны худалдааг эхлүүлэхээр бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. Энэ дагуу аймгийн хүн амын 2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх зорилготой ажлын баг хуралдлаа. Үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор нөөцөлсөн махыг хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлэх, худалдан борлуулахад хяналт тавих үүрэг бүхий ажлын баг өнөөдөр “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК болон Дархан захын махны тасагт ажиллалаа.

Энэ жил 100 тонн нөөцийн мах нийлүүлэгдэх бөгөөд махны нийт жингийн 30 хувиас багагүй нь үхэр, 5 хувиас илүүгүй нь ямаа, үлдсэн хувь нь хонины мах байх аж. Мах бэлтгэн нийлүүлэгч компани гэрээний дагуу махны нөөцөө 100 хувь бүрдүүлж, яс, мах тэнцүү харьцаатайгаар жижиглэн хөрөөдөж, ангилан савлах үйл ажиллагааг явуулж байна. МХГ-аас иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх нөөцийн махны чанар аюулгүй байдалд хяналт тавьж, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн нян судлал буюу антибиотекийн үлдэгдлийн шинжилгээнд хамруулахар махнаас дээж авсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа буюу 3 дугаар сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг худалдаанд гаргахаар бэлтгэл ханган ажиллаж байгааг ажлын багийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан хэллээ.

Өнөөдөр зах зээл дээр үхрийн мах 1кг нь 12000-14000 төгрөг, хонины мах 1кг нь 9900 төгрөг байгаа бол нөөцийн мах худалдаанд гарснаар бод, богийн мах килограмм тутамдаа 2000-2500 төгрөгөөр хямд өртөгтэй иргэдийн гарт очих боломжтой болох аж.

Холбоотой мэдээ