Төрийн албаны ерөнхий шалгалтад 113 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт төрийн албаны ерөнхий шалгалтыг /ТАЕШ/ 3 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа. Аймгийн хэмжээнд 364 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж. Хоёр өдөр 4 ээлжээр үргэлжилсэн энэхүү шалгалтыг 3 танхимд нэгэн зэрэг явуулжээ.
Халдвар хамгааллын дэглэм баримтлан 28 албан хаагч ажилласан уг шалгалтын эхний өдөр 68 иргэн, хоёр дахь өдөр 45 иргэн тэнцэж нийт 113 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн аж. Эдгээр иргэд нь төрийн жинхэнэ албаны нөөцөд 3 жилийн хугацаатай бүртгэгдэх бөгөөд нутгийн захиргааны байгууллагуудад гарч буй төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгөх эрхтэй болж байгаа юм.
Дархан-Уул аймгийн ТАЕШ-ыг зохион
байгуулах комиссыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг
ахалж ажилласан байна. Мөн зохион байгуулалтын ажилд ажлын хэсгээс гадна 9 төрийн
байгууллагын 16 албан хаагч хамтран ажиллаж, камерын хяналтаар шалгалтын үйл
явцыг хянаж, холбогдох журам зааврыг мөрдүүлжээ.