Аймгийн төвийн 128 өрхийн хашаанд 1060 толгой мал хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-17 16:42:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд өнөөдөр “Малыг хотын төвөөс гаргах ажилд малчин таны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов.

Тус хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Жаргалант сумын ЗДТГ болон бусад холбогдох байгууллага хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн төвд амьдарч буй мал бүхий иргэдийн төлөөлөл оролцож, сумын удирдах ажилтнуудад санал хүсэлтээ нээлттэй илэрхийлжээ.

Энэ үеэр оролцогчид орчны бохирдлыг бууруулах, зарим эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малыг хотын төвөөс гаргах ажлыг дэмжихээр болсон гэж Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ оны хоёрдугаар сард хийсэн судалгаагаар тус сумын 10 багийн 128 өрхийн хашаанд нийт 1060 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнд адуу 129, үхэр 482, хонь 106, ямаа 343 толгой байна. 

Тэр дундаа аймгийн төв буюу Жаргалант сумын Наран, Рашаант багийн нутаг дэвсгэрт Ховд, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн сумын 20 өрхийн 92 толгой мал хаваржиж байгаа аж.  

Аймгийн төвд байгаа мал нь орон сууцны хорооллын дунд орших "хогийн цэг"-ийн хог хаягдлыг тараах, ингэснээр малаас хүнд дамжих халдварт өвчин үүсэх, ногоон байгууламжийг сүйтгэх зэргээр хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс малыг хотын төвөөс гаргах асуудал нэн чухал гэж Жаргалант сумын удирдлагууд онцоллоо.

Жаргалант сумын Засаг даргын 2021 оны А/93 тоот захирамжаар хотын төвөөс малыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд гаргаж, төв суурин газрын орчны эрүүл ахуйн стандартыг хангах, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг мал, амьтны ялгадас, хог хаягдлаар бохирдуулахгүй байх нөхцөл бүрдүүлэх үүрэг бүхий ажлын баг байгуулжээ.

Дээрх шийдвэрийн дагуу заасан хугацаанд хотын төвөөс малаа гаргаагүй малчин болон мал бүхий өрхөд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ авч (малчны хороололд олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгох), албадан гаргах хүртэл арга хэмжээ авах болно гэж  Жаргалант сумын ЗДТГ, Хөдөө аж ахуйн тасгаас мэдэгдэв.

 

Холбоотой мэдээ