Д.Гантулга: Аливаа гамшгийг урьдаас тооцоолох, эрсдэлийн менежментийг хангах нь илүү чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-08 11:36:07

Увс /МОНЦАМЭ/. Цар тахлын үед малчид, иргэд рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил болон байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар Увс аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Гантулгатай ярилцлаа. Тус байгууллага нь үндсэн 4 чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж байна.

-Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны талаар ярина уу?

-Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь эрүүл мэнд, нийгмийн халамж, гамшгийн менежмент, хүүхэд, залуучуудын хөдөлгөөн гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулдаг. Увс аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо баруун хязгаар нутагт үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллагын эд эс болон нийгмийн бүхий л түвшинд хүрч ажиллаж байна.

Увс аймаг цаг уурын хувьд ихээхэн онцлогтой бүс нутаг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай учраас цаг уурын том шалгуур дунд малчид маань амьдарч байна. Хаваржилт, өвөлжилтийн тухайд өвөлд цас ихээр ордог, хавар оройтож ирдэг учраас цаг уурын хүндрэлийг даван туулах, урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор тулгардаг. Энэ ч утгаараа хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааны цөм нь малчидтай байнгын уялдаа холбоотой ажиллахыг илүүд үздэг. Гэнэтийн цар тахал, гамшигт үзэгдэл гарсан үед манай байгууллага нийгмийн анги, давхаргад хүртээмжтэй, ялгаварлалгүй үйлчилгээг үзүүлэхийг урьтал болгохоос гадна төрийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болон ажиллаж байна.  

-Улаан загалмайн анхан шатны хороод хэр идэвхтэй ажиллаж байна вэ?

-Улаан загалмайн хорооны үйл ажиллагаа болоод аливаа хүмүүнлэгийн ажлыг анхан шатны хороогүйгээр төсөөлөх аргагүй. Манай байгууллага нийтдээ 25 анхан шатны хороотой бөгөөд эдгээр нь хөдөөгийн сумд болон аймгийн төвийн томоохон байгууллагуудыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Жил тутамд анхан шатны хороодын үйл ажиллагаа өргөжиж, улсад жишиг болохуйц хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Энэ нь мэдээж өмнөх удирдлагуудын ажлын үр дүн болоод сүүлийн жилүүдэд хийсэн ажлын амжилт зэрэг нь нөлөөлсөн байх. Миний хувьд хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааны чиглэлээр гаргаж буй бодлого, шийдвэрийнхээ 60 орчим хувийг анхан шатны хороодынхоо ажил руу чиглүүлдэг. Аймгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагуудын 50-60 хувь нь хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож байна. Тухайлбал аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0245-р ангийн хамт олныг энд дурдахгүй байхын аргагүй.

2018 оноос хойш аймгийн Улаан загалмайн хорооны ажлын үр дүн, тайлангийн биелэлт доод тал нь 96-97 хувьтай байгаа нь том амжилт юм. Цаашид хүмүүнлэгийн ажил маань илүү өргөжин тэлэх боломж нээгдэж байгаа. Учир нь Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Увс аймгийн Улаан загалмайн хороо Гамшгийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны баруун бүсийн төв болон өргөжиж байна. Энэ хүрээнд сургалтын заалыг засварлах, бэлэн байдлыг хангах зэрэг бэлтгэл ажил хийж байна.

-Цар тахал болон гамшигт үзэгдлийн үед иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үзүүлж байна вэ?

-Увс аймгийн гамшигт нэрвэгдсэн болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж байна. Тухайлбал Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай үеийн тусламжийн сангийн дэмжлэгээр 17 сумын 650 малчин өрхөд нийт 102 сая төгрөгийн мөнгөн тусламж, 62.2 сая төгрөгийн эрдэс тэжээлийн багц, дотоод нөөцөөс 2.3 сая төгрөгийн хувцас, эд материал, 527 мянган төгрөгийн хүнсний багц, нийтдээ 167.1 сая төгрөгийн тусламжийг үзүүлсэн.

Мөн үерт нэрвэгдсэн 170 өрхөд 40.8 сая төгрөгийн бэлэн мөнгө, гал тогооны багц, ариун цэврийн багц, нийтдээ 71.2 сая төгрөгийн тусламж хүргэсэн. Түүнчлэн коронавирусний цар тахлын үед орлогогүй болсон 180 өрх, сүрьеэгийн хяналтад эм ууж байгаа 52 иргэнд нийт 10 сая төгрөгийн хүнсний тусламж үзүүллээ. Мэргэжлийн байгууллагын ажилчдад цар тахлын үед ажиллахад нь туслах зорилгоор нийт 21 албан байгууллагад ариутгалын бодисын багц тусламжийг олгосон. Тэрчлэн түймэрт өртсөн Австрали улсад туслах хандивын аян өрнүүлэн 1 сая төгрөг хандивласан гэх мэтээр 2020 онд нийтдээ 249.3 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг ард иргэдэд үзүүлсэн байна. 

-Цаг үеийн хувьд хийж буй ажил, арга хэмжээний тухайд?

-Нэн түрүүнд цаг уурын нөхцөл байдлыг харгалзан малчдад хүрч ажиллах нь чухал байна. Саяхан хүчтэй салхи, шуурганы улмаас зарим суманд малчид багагүй хохирол амслаа. Иймд 100 малчин өрхөд тус бүрт нь 240 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн орон гэргүй болсон хоёр малчин өрхөд гэр олгоод байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ нэгдсэн чадварлаг залуус манайд ажиллаж байгаа болохоор бүхий л ажил үйлчилгээ маань шаардлагатай хүндээ хүрч чаддаг. 

Ер нь аливаа гамшгийг урьдаас тооцоолох, эрсдэлийн менежментийг хангах нь илүү чухал. Гамшиг үүссэний дараах тусламжаас илүүтэй урьдчилан сэргийлэх тухайд иргэд, малчдад мэдээлэл хүргэх, хамтын ажиллагаатай байх нь гамшгийг эрсдэл багатай даван туулах боломжийг бүрдүүлэх юм. Аймгийн Улаан загалмайн хорооны ажилчид цар тахлын үеийн халдвар хамгаалал, хяналт, мэдээллийн ажилд тогтмол оролцохоос гадна хандив тусламжийн ажил үйлчилгээг анхан шатны хороодынхоо гишүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсаар байна.

-Та хүмүүнлэгийн байгууллагатай хэрхэн холбогдов?

-Аав, ээж маань намайг ажил хөдөлмөрт сургахаас гадна хүмүүнлэг, энэрэнгүй хүн болгож төлөвшүүлсэн. Энэ ч утгаараа би Улаан загалмайн хорооны даргаар ажиллахаас өмнөх 10 гаруй жилийн хугацаанд жил тутамд 500 мянган төгрөг, 1-2 сая төгрөгийн өртөг бүхий гутал хандивладаг байлаа. Хүмүүнлэгийн байгууллагын алтан гишүүн болтлоо хамтын ажиллагаатай байж ирсэн. Харин 2016 онд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч байхдаа Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Засаг арга Ц.Пүрэвжав нарын итгэлийг хүлээж тус сумын ЗДТГ-ын анхан шатны хорооны нарийн бичгийн дарга гэх ажлыг ямар ч цалингүйгээр хийсэн. Хоёрхон жилийн дотор идэвх сул байсан анхан шатны хороог жилд 5 сая төгрөгийн татвар төлдөг, 10 сая төгрөгийн хандив өгдөг томоохон анхан шатны хороо болгож чадсан. 2018 оноос аймгийн Улаан загалмайн хорооны даргаар ажиллаж байна.

-Хүмүүнлэгийн ажил хийх нь олон талын эерэг зүйлийг дагуулдаг шүү дээ?

-Хүмүүнлэгийн ажил бол хэн нэгэнд тусалж, сэтгэлийн дэм хайрладаг их буянтай ажил. Манай байгууллага нь төрд нэмэгдэл хүч болж ажиллах үндэсний хүмүүнлэгийн байгууллага учраас шаардлагатай үед орон нутгаас санхүүгийн дэмжлэг авах учиртай. Харин сүүлийн жилүүдэд цар тахлын үед бид хүмүүнлэгийн ажил, үйл ажиллагааг зөвхөн дотоод боломж болон гадны хандив, тусламжаар зохион байгуулж байна. Аймаг, орон нутгаас ирэх дэмжлэг сулхан санагддаг. Дорнод аймгийн Засаг дарга гэхэд Улаан загалмайн хороондоо пургон автомашин аваад өгч байна. Увс аймаг бүсийн төв мөртлөө машин техник, ажлын орчинд хүндрэлтэй зүйлүүд их бий. 

Бидний ажлын гол хөдөлгөгч хүч бол сайн дурынхан, өсвөрийн улаан загалмайн гишүүд, идэвхтэн ахмадууд, иргэд, төр болон хувийн хэвшлүүд, анхан шатны хороод гэсэн томоохон хамтын ажиллагааны дор үйл ажиллагаа маань амжилттай урагшилсаар байна. 

-Ярилцсанд баярлалаа.

                                                /“КОВИД-ЫН ДАРААХ ШИНЭ ЭХЛЭЛ” СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД/ 

Холбоотой мэдээ