Би заавал хотын төв явах шаардлагагүй-2

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-15 13:37:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Би заавал хотын төв явах шаардлагагүй" гэж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн Г.Нарантуяа хэлж байна. Эднийх АХБ-ны санхүүжилтээр тухайн дүүрэгт хэрэгжиж буй "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийн хүрээнд тавьж буй гэр хорооллын дундах 3.5 км автозамын талбайд хашааныхаа газрыг чөлөөлсөн юм.


Энэ талаар тэрээр ярихдаа, "Манайх замын трасст ороод хашааныхаа 40 хувийн газрыг чөлөөлсөн. Ингэснээр манай газрыг үнэлж нөхөн олговор өгсөн. Түүн дээр нь манайх мөнгөө нэмэрлээд өөр газар хашаа авч байшин барьсан. Хувьдаа ногоо тарих хүлэмжтэй болсон. Манайх газраа чөлөөлснөөр алдах юмгүй, хожсон. Гэр хороололдоо амьжиргаагаа дээшлүүлсэн" гэж байв. 


-Танайх газраа 40 хувь чөлөөлсөн нь тухайн тавьж буй замаас шалтгаалсан хэрэг үү?

-Тийм. Замын трасст манай гудамжны айлуудын хашааны зөвхөн нүүрэн талын хэсгүүд орж газрыг хагасалж авч чөлөөлсөн. Цаашдаа зам өргөжөөд, барилга баригдвал айлууд газраа 100 хувь чөлөөлж орон сууцанд орох боломжтой юм билээ. Манай хороонд одоо 2 ч орон сууц барьж байна. 5 айлын чөлөөлсөн газарт 20 айлын орон сууц барьж байгаа. 


-Танайх газраа 40 хувь чөлөөлснөөр хуучин хашаанд чинь газар чинь үлдсэн гэсэн үг үү? 

-Үлдсэн газарт манай хүүхдүүдийнх байгаа. Манайх бага хүүгийнхтэйгээ хамт нэг хашаа, байшинд 2 өрх нэг дор амьдарч байсан юм. Манайх ам бүл 8-уулаа байсан бол одоо хүүгийнх тусдаа болсон. 

-Танайх яагаад өөр газар нүүсэн бэ?

-Хуучин газартаа манайх ногооны талбай, хүлэмжтэй байсан. Хашааныхаа талбайн талыг чөлөөлсөн болохоор ногоо, мод бутаа тарих талбайгүй болоод газраа чөлөөлсний нөхөн олговор дээрээ мөнгө нэмээд өөр газар ногоо тарих талбайтай, хашаатай болсон. 

-Гэхдээ танайх ногоо тарих талбайгаас гадна хүлэмжтэй болжээ. Үүнд нэлээн хөрөнгө шаардагдана. Та яаж хүлэмжтэй болов? 

-Манайх АХБ-ны амьжиргааг дэмжих төсөлд хамрагдсанаар хүлэмжтэй болсон. Хүнсний ногоо тарих сургалтад хүртэл хамрагдсан. Би чинь ногоо тарих дуртай, хүүхдүүддээ өгөх өрхийн хэрэгцээгээ хангахаас цаашгүй байсан хүн хүлэмжтэй болсноор амьжиргаа маань дээшилсэн. АХБ-ны амьжиргааг дэмжих төслийнхөн миний ногоо тарьдаг, хүлэмжтэй болох хүсэлтийг дуулаад хүлээн авч сая гаруй төгрөгөөр туслан хүлэмжтэй болгож, амьжиргааг маань дэмжсэнд их баяртай байгаа. Гэр хороололд эрүүл агаартай, эрүүл хүнс ургуулж өөрсдөө хэрэглээд, дутагдах юмгүй сайхан л амьдарч байна гэв. 




Г.Нарантуяагийнх шиг газраа чөлөөлж амьжиргаагаа дээшлүүлсэн айл Сонгинохайрхан дүүрэгт олон. 9 дүгээр хорооны иргэн Ц.Отгонбаярынх мөн л Г.Нарантуяа шиг АХБ-ын амьжиргааг дэмжих төсөлд хамрагдан гутлын цехээ, иргэн С.Оюунжаргал оёдлын цехээ өргөжүүлсэн бол иргэн Л.Хархүү "Баянхошуу дэд төв"-ийн бизнес төвд монгол гутал хийж байна. 


Айлууд газраа чөлөөлснөөр гэр хороололд автозам, дулаан, цахилгаан дамжуулах станц, орон сууц баригдаж, дэд бүтэц тавигдаж, тэр хэрээр гэр хорооллынхны амьдрал өөрчлөгдөн сайжирч байна. 

Сонгинохайрхан дүүрэг, ялангуяа хүн ам их, шигүү суурьшилтай Баянхошуу орчмыг нийт дүр зургаар нь харвал энд "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийн хүрээнд байгуулсан "Баянхошуу дэд төв"-ийг тойрон гэр хорооллыг хөгжүүлэх бүтээн байгуулалт ид өрнөж байна. Нийт 3500 айлыг хамарсан 162 га газарт цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутга татуурга, автозам тавьж, инженерийн дэд бүтцийн ажлыг цогцоор хийж байна. Дэд төв бүрэн ашиглалтад орсноор 15 мянган иргэн тав тухтай оршин суух нөхцөл бүрдэх юм. 


"Баянхошуу дэд төв" бол “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хороололд байгуулж буй 6 шинэ төвийн нэг. АХБ болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 9 жил хэрэгжих юм. Төслийн I шатанд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг "Баянхошуу", "Сэлбэ" дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 80 хувьтай, төслийн II дахь үе шатны Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 30 хувьтай үргэлжилж байна. 




Төслийн талаар АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, "Өнгөрсөн жил бид Улаанбаатар хотын үйлчилгээг сайжруулж, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 3 дахь ээлжийн санхүүжилт 43.65 сая ам.долларыг баталсан. 320 сая ам.долларын нийт хөрөнгө оруулалт бүхий хөтөлбөрийн 163.7 сая ам.долларыг АХБ-наас санхүүжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 6 дэд төвийг хөгжүүлснээр 840 мянган иргэн шууд өгөөж хүртэх юм" гэдгийг онцолж байна. “Улаанбаатар хотын гэр хороололд оршин сууж буй 850 мянга орчим хүн өнөөдөр хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байна” гэдгийг АХБ-ны Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арно Экманн хэлж байв.



1950 онд нийт монголчуудын дөнгөж 20 хувь нь хот, суурин газар амьдардаг байв. Тэр цагаас хойш, нэн ялангуяа 1991 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа хөдөө, орон нутгаас хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3.3 сая хүн амын 70 хувийг хотын оршин суугчид бүрдүүлж байгаа нь Ази 50 хувиас дээгүүр байгаа юм.





Тэрээр “Нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын байр хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй 20 орчим эко хорооллыг АХБ-ны төслөөр санхүүжүүлнэ. Ингэснээр төслийн үр шимийг шууд хүртэн “Ногоон” орон сууцанд орох 10,000 оршин суугчийг оролцуулаад нийт 100,000 орчим иргэний амьдрах орчин сайжирна" гэдгийг тодотгож байна.

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон хэрэгжиж буй, хотын хөгжлийг ТЭНЦВЭРТЭЙ болгох зорилготой бүтээн байгуулалт юм. 



Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ