"COVID-19"-ийн үед ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг 18 эмнэлэгт хуваарилав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хуваариллаа.
“СOVID-19” халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчилтөрөгчийн аппарат болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг өгсөн юм.
Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 15 ширхэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 6, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 13, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвт 5, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 5, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Сэргээн засах клиник төвд 5, Өргөө амаржих газарт 2, Хүрээ, Амгалан амаржих газар, Энэрэл эмнэлэгт тус бүр 3, Наркологийн эмнэлэгт 3, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв- II-д 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг хуваарилав.
Нийслэлийн хэмжээнд хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхгээр ийнхүү нэмэгдүүлж байна. “COVID-19” өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид талархаж буйгаа илэрхийллээ.