Саудын Араб, Иран харилцаагаа сэргээх хэлэлцээ хийж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-19 11:30:23

ВАШИНГТОН. /RT/. Саудын Араб, Ираны өндөр албан тушаалтнууд таван жилийн өмнө тасарсан дипломат харилцаагаа сэргээх зорилгоор шууд хэлэлцээ хийж байна гэж “Financial Times” сонинд эх сурвалжуудаас эш татан бичжээ.


Иракийн Ерөнхий сайд Мустафа Каземигийн зуучлалаар дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Багдад хотод эхний хэлэлцээг хийжээ. Энэ нь 2016 оноос хойш хоёр улсын хооронд хийсэн "улс төрийн анхны чухал хэлэлцээ" юм гэж “Financial Times” сонин мэдээлсэн байна. 


Эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ “нааштай” болсон байна. Уулзалтын үеэр мөн Саудын Арабад “Ансар Аллах” /хуситууд/ хөдөлгөөний үйлдсэн халдлагын талаар хэлэлцжээ. Саудын Арабын төлөөлөгчдийг тус улсын Тагнуулын ерөнхий газрын дарга Халид бин Али аль-Хумайдан тэргүүлсэн байна. Дараагийн хэлэлцээг энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны цөмийн гэрээний хэрэгжилтийг сэргээж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахыг оролдож байгаа үед хэлэлцээ болсныг онцолж байна.


Иран, Саудын Арабын төлөөлөгчдийг хэлэлцээрийн ширээний ард суухад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол Йеменд зургаан жил үргэлжилсэн дайныг эцэс болгох, мөн "Саудын Арабтай харилцаагаа эргэн харахаар амласан Байдены засаг захиргааны ивээлийг хүртэх гэсэн сүүлчийн эрмэлзэл юм" гэж “Financial Times” сонинд бичжээ.


Үүний зэрэгцээ, сонинд тэмдэглэснээр, Ирантай харилцаагаа сэргээх хэлэлцээ эхлүүснийг Саудын Арабын нэгэн өндөр албан тушаалтан үгүйсгэжээ. Ирак, Ираны Засгийн газар энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.


2016 оны нэгдүгээр сард Саудын Арабад шиит шашны алдартай номлогч Нимр ан-Нимрыг цаазаар авсны дараа Ираны Техран, Мешхед хот дах тус улсын дипломат төлөөлөгчийн газруудад халдлага үйлдсэн юм. Энэ халдлагын дараа Саудын Арабын эрх баригчид Ирантай дипломат харилцаагаа тасалжээ.



 


Холбоотой мэдээ