Хятадын “Meituan” компани зах зээлээс 10 тэрбум ам.доллар босгов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-20 15:37:30

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хүнс, хоолны хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг Meituan компани цахим худалдааны бусад шинэ салбарт Алибаба зэрэг ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчидтэй өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд шинээр хувьцаа, хөрвөх бонд гаргах хэлбэрээр 10 тэрбум ам.долларын хөрөнгө босгов.

    Хятад улсын интэрнэт компаниуд дунд томоороо гуравт ордог тус компани нь нэгж үнийн дүн нь 273.8 хонконг доллар бүхий 187 сая ширхэг хувьцааг үнэт цаас байршуулах аргаар зарж борлуулсан талаар Bloomberg News мэдээлсэн байна.

    Мөн хувьцаа эзэмшигч Tencent Holdings-оос 400 сая ам.долларыг босгожээ. Ийнхүү 7 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хувьцаа гаргах гүйлгээ нь Хонконгод бүртгэлтэй компанийн хувьд, түүхэн дэх хамгийн том үнийн дүн бүхий гүйлгээ болжээ.

    Түүнээс гадна тус компани мөн 3 тэрбум ам.долларын хөрвөх бондыг гаргасан байна.

    Meituan компани босгосон хөрөнгөө техник технологи, инновацад зарцуулах бөгөөд үүнд барааг өөрөө хүргэгч тээврийн хэрэгсэл зохион бүтээх, хүний оролцоогүй хүргэлт хийх зэрэг технологиуд багтаж байгаа аж.

              

Холбоотой мэдээ