Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-04-23 11:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-аас хөрш орнуудад гарч буй Шувууны томуу өвчний нөхцөл байдлыг мэдээлж байна.


Шувууны томуу: БНХАУ-ын Шэньян хотод өндөр хоруу шувууны томуугийн вирусын Н5N6 хэвшлийн шинэ дэгдэлт (Хейпинг дүүрэг, Чангбайдао ойн цэцэрлэгт хүрээлэн) 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр бүртгэгдсэн байна. Дэгдэлтээр нийт 291 хар хун өртсөнөөс 11 өвчилж, 280 толгойг устгасан талаар ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 2021 оны 4 дүгээр сард албан ёсоор бүртгэгдсэн байна.



ОХУ-ын Астрахань мужид өндөр хоруу чанартай шувууны томуу вирусын Н5N5 хэвшлийн нэг тохиолдол 2021 оны 3 дугаар сарын 31-ны бүртгэгдсэн байна. Нийт 99 борцгор хотон шувуу өртөж өвчилснөөс бүгд үхсэн талаар ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн санд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор бүртгэгдсэн байна. Дэгдэлт үргэлжилж байна.


Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) болон олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр 2020 оны 4-р улирлаас хойш өндөр хоруу шувууны томуу өвчний тохиолдол Ази, Европын орнуудад зэрлэг, тэжээвэр шувуунд бүртгэгдсээр байгааг дараах зургаар нэгтгэн харуулав. Өндөр хоруу шувууны томуугийн үүсгэгч нь зэрлэг шувуунаас хүнд мөн тэжээвэр шувуу, адуу, гахайгаар дамжин хүнд халдварлаж өвчлөл үүсгэдэг зооноз өвчин бөгөөд хүнээс хүнд агаар дуслын замаар халдварлаж, өвчлөл үүсгэх улмаар үхэлд хүргэх аюултай өвчин юм.



Монгол улс нь том газар нутагтай ОХУ, БНХАУ-тай хиллэн оршдог бөгөөд 4 улирлын эрс тэс уур амьсгалтай хавар, зун, намартаа усны шувууд нүүдэллэн ирж, дайран өнгөрч, зусч, халуун орон руу нүүдэллэн буцаж, дахин ирэх байдлаар жил бүр давтагдан нүүдэллэсээр байдаг онцлогтой.  Усны шувуудын 3 их том нүүдлийн зам Монгол орны баруун, төв, зүүн бүсийг дайран өнгөрдөг.


МЭЕГ-аас “Хавар болж усны шувууд нүүдэллэн ирж, дайран өнгөрч байгаатай холбоотойгоор өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин гарах эрсдэл үүсч байгаа тул малчид, ард иргэд та бүхэн дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийн дагуу зэрлэг болон тэжээвэр шувуу өвчилж, үхсэн тохиолдолд яаралтай Мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ үү” гэжээ.

Холбоотой мэдээ