Мьянмараас зугтан гарсан сэтгүүлчдийг Тайландад баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-11 13:46:48

БАНГКОК. /TASS/. Мьянмараас зугтан гарсан “Democratic Voice of Burma” хэмээх бие даасан хэвлэлийн гурван сэтгүүлчийг Тайландад саатуулжээ. Энэ тухай тус улсын Гадаадын сэтгүүлчдийн клуб мэдээлсэн байна.


“Тавдугаар сарын 10-ны өдөр Чан Май мужид “DVB” сонины гурван сурвалжлагч, хоёр туслахыг Тайландын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчилсанд ихээхэн түгшиж байна" гэж Гадаадын сэтгүүлчдийн клуб мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Тус байгууллагын мэдээлснээр, энэ сарын 11-нд буюу өнөөдөр эдгээр таван хүн шүүх хуралд оролцох ёстой байсан боловч хурлын талаар одоог хүртэл тодорхойгүй байна.


"Тэднийг ямар ч тохиолдолд Мьянмар луу буцаах ёсгүй" гэж клубийнхэн мэдэгдээд баривчлагдсан хүмүүсийг суллаж, Тайландад түр оршин суух эрх олгохыг уриалжээ. 


Мьянмарт цэргийн эрхтнүүд засгийн эрхэнд гарсны дараа 70 гаруй сэтгүүлч баривчлагджээ. Гуравдугаар сарын 8-нд цэргийнхэн "Mizzima", "Myanmar Now", “Democratic Voice of Burma”, "7 Day TV",  "Khit Thit Media" гэсэн бие даасан таван мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Гэсэн хэдий ч сэтгүүлчид ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.


 


Холбоотой мэдээ