Загасыг үржлийн үед барьж агнахгүй байхыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-19 15:45:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Амьтны тухай хуульд жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнахыг хориглодог. Загасанд үржлийн үед халдах, барихад тухайн төрөл зүйл устах аюултайг сануулж, хуульд заасан хугацааг дуустал загас агнахгүй, худалдахгүй байхыг БОАЖЯ болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь салбараас уриалж байна.

Бүх зүйлийн загасны үржих хугацаа харилцан адилгүй байдаг тул Амьтны тухай хуульд загас агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг. Тухайлбал:

  • Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл,
  • Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл,
  • омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30,
  • зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30,
  • Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31,
  • бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Хэрэв хориглосон хугацаанд амьтныг барьж агнасан нөхцөлд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 300 нэгжээр торгодог хуулийн заалттай юм. 

Амьтны тухай хуульд заасны дагуу дээр дурдсан хугацаанд загас агнуур хориотой. Учир нь энэ үеэр загасны үржлийн үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас аж.

Ихэвчлэн Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархсан байдаг юм байна. Манай оронд 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар барьж ашигладаг.


Холбоотой мэдээ