Уламжлалт анагаах ухааны аргыг хэрэглэснээр хөнгөн өвчтөний 92 хувьд нь зовуурь арилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-04 13:28:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны ерөнхий зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн монгол анагаах ухааны олон улсын сургуулийн зөвлөх профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор Д.Цэрэндагва “Ковид-19”-ийг анагаахад уламжлалтын ямар арга туршлагыг хэрэглэж байгаа талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр, Цар тахлын халдварыг хумих зорилгоор ЭМЯ, эрдэмтдийн баг хамтарч олон ажлыг хийж байна. Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл “Ковид-19”-ийн үед авах арга хэмжээний талаар түр зааврыг боловсруулж байна. Хятадад “Ковид-19”-ийн хөнгөн хэлбэрийг уламжлалт анагаах ухааны аргаар амжилттай эмчилж байсан. Энэ туршлагын хүрээнд Монгол эрдэмтэд мөн ажиллаж байгаа юм. Хөнгөн хэлбэрийн үед уламжлалтын эмчилгээг хийснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судалгааны баг холбогдох мэдээлэлд судалгаа хийж ирсэн. Хэдийгээр эмчлүүлээд бүрэн эдгэрсэн ч хүний биед муу цус үүсч уушги, зүрх, элэг дэлүү, бөөр  гээд цул эрхтэнийг гэмтээдэг болохыг тогтоогоод байгаа. “Ковид-19”-ийн хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрсэн хойноо ч хор уршиг нь өндөр байна. Тиймээс түр зааврыг шинэчлэх шаардлагатай болсон. Шинэчилсэн зааварт хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрийн өвчтөнд орчин үеийн эмчилгээг уламжлалт анагаах ухааны аргатай хослуулахаар тусгасан. Одоогийн байдлаар хөнгөн хэлбэрийн өвчтөнд Мана-4, Норов-7, шар тан зэргийг ашиглаж байгаа. Эдгээрийг хэрэглэснээр илэрч буй шинж тэмдэг нийт өвчтөний 92 хувьд нь арилсан байна. Уушгины хатгалгаа болсон тохиолдолд мөн эдгэрч байгаа сайн жишээ олон бий. Үүнээс гадна дөрөвдүгээр хэлбэр буюу хүнд хэлбэрийн тохиолдолд шаардлагатай үед эм хэрэглэж болно гэсэн заалтыг оруулсан” гэв.


Итали, Англи, АНУ, БНХАУ, Испани, Франц улсад хийсэн судалгаагаар “Ковид-19”-ийн шинж тэмдэг илэрсэн 7000 гаруй хүнийг зургаан сарын хугацаанд дагаж судлахад олон эрхтэн тогтолцоонд байнгын болон хожуу хугацаанд сөрөг үр дагавар, хүндрэл гарч байгааг нотолсон. Уушги, амьсгалын эртхэн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, сэтгэц мэдрэлийн систем, дотоод шүүрэл, арьсны тууралт, хүүхдийн олон эрхтэний үрэвсэлд халдвараар өвдөөд эмчлүүлсний дараа илэрч байгааг тогтоосон байна.


"Ковид-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүнд амьсгал давчдах, ханиалгах, хүчилтөрөгчийн байнгын дутагдал, цусны бүлэн үүсэх, байнга ядрах сульдах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, булчингийн сулрал, үе мөчний өвчин, сэтгэл түгших, нойргүйдэх, амт үнэр мэдрэхгүй байх, бөөрний архаг өвчлөл, үс унах, амьдралын чанар муудах зэрэг шинж илэрч байна. Тиймээс иргэд сэтгэл санаагаа тайван байлгах, сайн унтаж амрах, хоол ундаа цагтаа идэж уух, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, уламжлалт анагаах ухааны эм танг эмчийн зааврын дагуу хэрэглэх, вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг тэрбээр зөвлөв.

Холбоотой мэдээ