Нийслэлийн иргэд нэгдүгээр тунд 100 хувь хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-05 11:26:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр нийт 49 455 хүнд коронавирусний вакцинд хамрагдсан тухай ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, Улаанбаатар хотод 14 473 хүн вакцинд хамрагдсан бол орон нутагт 34 982 хүн вакцин тариулжээ. Ингэснээр, нийслэлд бүртгэлтэй иргэдийн тоотой харьцуулбал, вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн тоо 955 546 буюу 100 хувьд хүрч байна. Эдгээрээс хоёрдугаар тунд 790 543 буюу 82.9 хувь нь хамрагджээ. 


Орон нутгийн хувьд, нийт 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой бол өчигдрийн байдлаар 913 653 хүн хамрагдаад байна. Ингэснээр, нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 82 хувийг эзэлж байгаа бол хоёрдугаар тунд 698 309 хүн буюу 62.7 хувь болоод байгаа аж. 


Улсын хэмжээнд, зорилтот бүлгийн нийт хоёр сая 60 мянган иргэнийг дархлаажуулах бол өчигдрийн байдлаар нэгдүгээр тунд нэг сая 869 199 хүн буюу 90 хувь нь вакцин хийлгэжээ. Харин хоёрдугаар тунд нэг сая 488 852 буюу 72 хувь нь хамрагдаад байна. 


Хэдийгээр дархлаажуулах ажил эрчимтэй үргэлжилж байгаа ч иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг анхаарууллаа.


Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Холбоотой мэдээ