Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-06-11 13:04:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг болох БНАЛАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид худалдаа эдийн засгийн салбарт өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав.


Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд "КОВИД-19" цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж, чингэхдээ бизнес эрхлэгчид хооронд хэлхээ холбоо тогтооход дэмжихээ илэрхийлэв.


Түүнчлэн талууд ирэх онд тохиох Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэхийн чухлыг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ