Өрийн дахин санхүүжилтийг амжилттай хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-06 16:01:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Century” төслийн хүрээнд өрийн дахин санхүүжилтийг амжилттай хийснийг Монголбанк албан ёсны вэб хуудаснаа мэдээлжээ.


Монголбанк бондын хэлэлцээрт хамтран ажиллахдаа цар тахлын нөлөө, түүний эсрэг хэрэгжүүлсэн мөнгө, санхүү, сангийн бодлогын арга хэмжээ, үр нөлөө, эдийн засгийн төлвийн талаар хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээлсэн.


Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн “Century” төслийн хүрээнд арилжаалсан нэг тэрбум ам.долларын бонд нь манай улсын ирэх хоёр жилд хүлээгдэж байсан гадаад өрийн үндсэн төлбөрийг хойшлуулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн богино хугацааны эрсдэлийг багасгаж, хөрвөх чадварыг сайжруулж байна.


Уг бондын арилжаагаар ирэх онд төлөх 799 сая ам.долларын үлдэгдэл төлбөртэй “Чингис” бонд, 2023 онд төлөх 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг хэсэгчилэн дахин санхүүжүүлж, 2022-2023 онд Монгол Улсаас гарахаар хүлээгдэж байсан валютын төлбөрийг нэг тэрбум ам.доллароор багасгажээ. 


Энэ дахин санхүүжилт нь цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлж буй үед Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар, валютын урсгалд дэмжлэг болж байгаа аж. Олон улсын хөрөнгө оруулагчид түүхэн бага хүүгээр гаргасан урт хугацаатай бондоор “Чингис”, “Гэрэгэ” бондыг дахин санхүүжүүлэх хэлцэлд орсон нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг илтгэж байгаа юм.


Засгийн газар, Төв банкнаас сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимтай нийцэж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн зэрэгцээ улсын зээлжих зэрэглэл сайжрахад нөлөөлнө гэж төв банкны мэдээлэлд дурдсан байна.


Ийнхүү гадаад өрийн удирдлага, стратеги сайжирснаар сүүлийн жилүүдэд томоохон дүнтэй бондуудыг бага хүүгээр амжилттай арилжаалах замаар Засгийн газрын өндөр хүүтэй бондыг дахин санхүүжүүлж, гадаад өрийн төлбөрийн дарамтыг багасгалаа. Цаашид Монгол Улсын нэр хүндийг олон улсын санхүүгийн зах зээл дээр хадгалах, өрийн удирдлагын стартегийг амжилттай хэрэгжүүлэн гадаад өрийн дарамтыг багасгах чиглэлээр Монголбанк Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэжээ. 

Холбоотой мэдээ