Жүдочид “Токио-2020” олимпын хувцас, хэрэглэлээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпод оролцох тамирчид, дасгалжуулагчид Монголын багийн албан ёсны өмсгөл, мандатаа хүлээн авлаа.
“Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон олимпын мандат гардуулах үйл ажиллагаа ийнхүү үргэлжилж байна Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 08-ны хооронд зохион байгуулагдах олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ.
Энэхүү ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчин, дасгалжуулагчид 13 багц хувцас хэрэгсэл гардуулж байгаагийн 8 багц нь Michel Amazonka, 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм юм байна.