"Токио-2020" олимпын наадам товлосон хугацаанаас 1 жилийн дараа "Хөшиг"-өө нээлээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-07-24 08:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл Токио хотын Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол 2021 оны 7 дугаар сарын 23-ны 19 цагт /Улаанбаатарын цагаар/ эхэлж, амжилттай өндөрлөв.

 

“Ковид-19” цар тахлын улмаас бүтэн  нэг жилээр хойшилсон олимпын наадмын нээлтийн эхэнд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах, Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито тэргүүтэй эрхмүүд коронавирусын халдварын улмаас амиа алдсан олон мянган хүмүүсээ дурсаж хүндэтгэл үзүүлэн 1 минут чимээгүй зогсож хүндэтгэв. Дэлхий даяар цар тахлыг ялж, даван гарахын төлөө хийж байгаа олимпын наадам гэдгээрээ “Токио-2020” түүхэн онцлогтой олимп билээ.


 

Олимпын наадмын нээлтэд гадаадын дипломатууд, ивээн тэтгэгчид, ОУОХ-ны төлөөлөгчид зэрэг албаны 950 хүн оролцож байна. Японы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөгчид Японы төрийн дуулал эгшиглэх мөчид Японы төрийн далбааг мандуулсан юм. Нээлтийн ёслолд 15 улс, олон улсын байгууллагын тэргүүн, 70 орны спортын сайд нар хүрэлцэн иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиогийн олимпын наадмын энэхүү нээлтийн ёслолд албан ёсны төлөөлөгчөөр оролцсон юм.

 

Мөн нээлтийн ёслолд ОУОХ-ны гишүүн 205 улсын 6000 гаруй тамирчин, албаны хүмүүс, 900 гаруй хүндэт зочин, 3500 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан нийтдээ 10400 гаруй оролцогч хуран цугларч "Токио-2020" Зуны XXXII олимпын наадмын “Хөшиг” ийнхүү нээгдлээ.


 

Коронавирусний халдвар хамгааллын дүрэм ёсоор “Үндэстнүүдийн парад”-ын үеэр тамирчид өөр хоорондоо хоёр метрийн зай барьж, алхаснаар нээлтийн ёслолын үргэлжлэх хугацаа төлөвлөснөөс 30 минутаар уртасжээ.


 

Цэнгэлдэхэд Олимпын таван цагаригийг байршуулсан бөгөөд түүнийг 1964 оны Токиогийн олимпод оролцсон тамирчдын тарьсан модоор урлажээ. Цагариг тус бүр 4 метрийн диаметртэй юм байна.




 

Олимп зохион байгуулагч баг, 206 орны үндэсний шигшээ багийн жагсаалын дараа “Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй” Олимпын уриаг уран сайхны аргаар илэрхийлсэн үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа. 

 

“Тамирчин, шүүгч, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн нэрийн өмнөөс бид Олимпын их наадамд шударгаар, сэргээшгүй, олимпизмын зарчмыг хүндэтгэн оролцохоо амлаж байна. Спортоор дамжуулан энэ ертөнцийг илүү сайхан болгоно” хэмээн эзэн орны тус бүр 2 тамирчин, шүүгч, дасгалжуулагч тангараг өргөв.




Цэнгэлдэхийн бүх суудал хүнтэй мэт харагдуулахын тулд янз бүрийн өнгөтэй суудлын бүрээс хийсэн юм байна.

 

Монгол Улсын баг тамирчид одоогоос 57 жилийн өмнөх "Токио-1964" Зуны XVIII олимпын наадамд анх удаа оролцсон бол “Токио-2020” Зуны XXXII олимпод спортын 10 төрөлд 43 тамирчин оролцож байгаа юм.


 

Монголын баг тамирчид "Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслолд 27 хүний бүрэлдэхүүнтэй, Японы цагаан толгойн үсгийн дарааллаар 191 дүгээрт жагссан бөгөөд монголчууд “Мишээл & Амазонка” брэндийн урласан ёслолын хувцсыг өмсөж оролцсон юм. Энэхүү хувцасны эд ширхэг бүр утга учиртай бөгөөд энгэр дээрх алтлаг хээг Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билэгдэл давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтай дүрслэн үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн юм байна.


 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн ёслолд үг хэлэхдээ: “Өнөөдөр итгэл найдварын мөч тохиож байна. Бид энэ өдрийг арай өөрөөр төсөөлж байсан ч энэ мөчийг таашаан хүлээн авцгаая. Хүн төрөлхтөнийг нэгтгэх спортын их хүч, энх тайвны тухай тунхаглаж буй илгээлт юм. Энэ нь бид хамтдаа бүхий л замыг туулна гэсэн найдварыг бидэнд хайрлаж байна. Бид Японы ард түмэнд хүндэтгэл илэрхийлж байна. Японы ард түмэнгүй энэ Олимпын наадмыг зохион байгуулах боломжгүй байсан. Японы эрх баригчид, ард иргэд бүхий л түвшинд асар их ажлыг хийлээ. Бид та бүгдээр бахархаж, талархаж байна. Бүхий л бэрхшээлийг үл харгалзан биднийг алгаа дэлгэн, хүлээн авсан мянга мянган сайн дурын ажилтнуудад онцгой талархал илэрхийлье. Токиогийн олимпын наадмыг бодит болгосон бүх хүнд баярлалаа" гэв.


 

Цэнгэлдэхэд паралимпын тамирчин Цүшида Вакако олимпын бамбарыг оруулж ирсэн. Олимпын наадмын жүдо болон чөлөөт бөхийн төрөлд аваргалж байсан алдарт Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна Япон улсын бейсболын домог Бейсболын мэргэжлийн лигт түүхээ бүтээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар буухиалах ёслолд оролцсон юм. Олимпын бамбарыг Японы алдарт теннисчин Австралийн нээлттэй тэмцээн, Америкийн нээлттэй тэмцээний хошой аварга Наоми Осака асаалаа.





 

Ташрамд дуулгахад, Токио-2020 олимпын нээлтийн үеэр Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд олимпын наадмыг эсэргүүцсэн хүмүүс жагсаж байв. Олон зуун хүн коронавирусний цар тахлын улмаас олимпын наадмыг зогсоохыг шаардаж, олимпод зарцуулах мөнгийг ковидын эсрэг тэмцэхэд зориул хэмээн шаардсан юм.




 

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Олимп энэ удаа 5 жилийн дараа буюу ийнхүү "Токио-2020" Зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол амжилттай болж, хагас сарын турш 206 орны 11 мянган тамирчид Токиогийн олимпын алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө. 





Холбоотой мэдээ