“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид ХААН Банк цамхагт зочиллоо

Монголын мэдээ | Боловсрол
Khaliunblr27@gmail.com
2021-08-04 14:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед технологийн дэвшилд суурилсан эдийн засгийг өргөжүүлэх, мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид өнгөрсөн бямба гарагт ХААН Банк цамхагт зочиллоо.  

Найман долоо хоногийн хугацаанд вэб хөгжүүлэгч болоход шаардлагатай үндсэн чадварууд, алгоритм ба кодчилол, вэб, мобайл програмуудыг эзэмшиж, сурсан мэдсэнийхээ дагуу эх загвар бүтээхээр суралцаж буй эдгээр 30 оролцогч Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгаран тус хөтөлбөрт хамрагдаж буй билээ.

Тогтвортой хөгжлийн “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” 5-р зорилгын хүрээнд ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан “Код бичих охидын хөтөлбөр”-ийг дэмжин ажиллаж буй бол хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцаж байгаа юм. Мөн энэ хөтөлбөрт Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, “Goldman Sachs” зэрэг байгууллага хамтран ажиллаж буй. 

“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид мэдээллийн технологийн үйл ажиллагаа, чиг хандлагатай танилцаж, туршлага судлах тойрон аялал хийж байгаа бөгөөд энэ удаа ХААН Банк Цамхагт ийнхүү зочиллоо. Энэхүү уулзалтад ХААН Банкны цахим шилжилт болон хүний нөөцийн бодлого, мэдээлэл технологи чиглэлийн хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулж, туршлага хуваалцахаар Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба, Мэдээлэл технологийн бизнес засаглалын газрын захирал Б.Болор-Үжин, Мэдээлэл технологийн үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын менежер М.Мөнх-Эрдэнэ нар оролцож, ирээдүйн инженерүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.  

Ташрамд дурдахад ХААН Банк Сан 2007 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр” зэрэг 450 гаруй төсөл, хөтөлбөрийг 5 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж ирсэн. 2021 онд ХААН Банк Сан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн онцлог, нийгэмд эзлэх байр суурийг батжуулах зорилгын дор “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд Монгол Улсын эрүүл энхийн төлөө тэргүүн эгнээнд жагсаж буй сувилагч, асрагч нарын дунд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, 120 оролцогч шалгаруулан хувь хүний хөгжлийн сургалтуудад хамруулж буй бол тэднээс шилдэг 40 хүнийг ирэх сард тодруулж, мэргэжил дээшлүүлэх академик сургалтын 90 хувийн тэтгэлэг олгох юм.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

  

Холбоотой мэдээ