С.Энхболд: Гуравдугаар тунг хийхэд вакцины хомсдол үүсэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-15 15:22:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд, вакцины гуравдугаар тунг хийх нөөцийг хангалттай бүрдүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, 790 мянган вероселл, 550 мянган файзерын вакцин агуулахад байна. Есдүгээр сард багтаж 990 мянган тун файзерын вакцин татан авна. Мөн энэ улиралд багтаж дахин нэг сая 200 мянган файзерын вакциныг татан авахаар төлөвлөжээ. Харин астразенека вакциныг цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст тарьсан. Астразенека вакцин тариулах хүсэлтэй хүн одоогоор байхгүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгов.


Улсын хэмжээнд, нийт хүн амын 69.1 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Вакцины гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байгаа аж. 


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 21 мянган ор дэлгэн коронавирусний халдвараар хүнд өвдсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байна. Эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллага бүх нөөц боломжоо ашиглан ажиллахаас гадна тэтгэвэрт гарсан ажилчдаа дайчлан ажиллуулж буйг дуулгалаа.

Холбоотой мэдээ