Дархан-Шарын гол чиглэлийн 22.9 км автозамын бүтээн байгуулалт эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-09-20 11:15:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 41.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Шарын гол чиглэлийн 47.9 км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг үе шаттай хийж байна.

Уг замын бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн. "Төгс зам” ХХК Шарын гол сумаас Дархан чиглэл рүү 17.2 км замыг хутуу хучилттай болгосон. Харин энэ удаад  “Анандын зам” ХХК Дархан талаас Аргалын гарам хүртэлх 22.9 км зам, 27 урт метр гүүрийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан байна. Гүйцэтгэгч компанийнхан энэ сарын 9-нд ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан талбайдаа гарч, геодезын болон цэг тэмдэг хүлээн авах ажлуудаа авчээ. Одоогоор хөрс хуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэ жил газар шорооны ажлуудаа 90-95 хувьд хүргэх, гадна агаар -5 хэмд хүрч хүйтэртэл бетоны ажлаа хийхээр төлөвлөжээ. Гэрээт хугацаагаар замын ажлыг 2022 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

Холбоотой мэдээ