ЦЭНХЭР НАВЧ БА ХОНХНЫ ДУУ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-09-21 21:02:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


-ХОСЛОЛ-


Хөл хорионы хүндхэн өдрүүд ар араасаа цуварсаар дуусах зүгт хандаж, хүмүүс ч урлаг соёлын үйл ажиллагаагаар цангачихсан, хаана ямар үзэсгэлэн гарах, хэрхэн шинэ кино нээлтээ хийх, театрын жүжгүүд тайзанд яасхийж амилах тухайд чих тавьж байсан цаг мөчүүд саяхан. Тэр л харанхуй өдрүүдийн гүнд гялсхийсэн од цэлсхийтэл гэрэлтсээр гарч ирэх шиг зураач О.Золбоотөгөлдөр, яруу найрагч Э.Бүжинлхам нарын “Сүнс урлал” үзэсгэлэн нээлтээ хийх мэдээ олны дунд түгсэн билээ. Уран зураг, яруу найргийн хослол. Дүнзэн байшингийн мод залгаа залгаагаараа эвлэгхэн нийлэх шиг л урлагийн дундаас бие биедээ тун зохицох нь яруу найраг, уран зураг хоёр санагддаг юм. Ийм учраас үзэсгэлэн нээх өдрийг хүлээж байгаад “Монгол арт галлерей”-г зорин зорин очив.


Яруу найрагч Э.Бүжинлхамын “Сүнс урлал” шүлгийн түүвэр гарснаас хойш уншигчдын дунд хамгийн их эрэлт үүсгэж байлаа. Найрагчийн өмнө гаргасан “Намрыг мартагсад” ном нь эмзэглэл, санаа алдалт, хайрын тухай хөндүүр мөрүүдээр дүүрэн. Гэвч хөндүүр шархандаа түүртэж зовсон дуун алдалт үгүй. Харин “Сүнс урлал” бол тэс өөр өнгөтэй. Яг л Э.Бүжинлхамын шүлгүүд мөн атлаа зөн совингийн нарийн мэдрэмжүүд, үлгэрийн шидлэг санаанууд ч цухалзаад байх шиг болно. Нөгөөтэйгүүр яруу найрагт өргөж буй хайрын илэрхийлэл ч юм шиг. Шүлгүүд нь сэтгэлийн хамгийн гүн ёроолд буй цөөрмийн устай адилхан. Гүнд байх мөртөө хачин тунгалагаас гадна хаанаас ч юм бэ моддын навчис унаж, шаргал, улбар өнгийн өвснүүд ургачихсан байх эрэг хөвөө нь амар амгалангаар бялхана. Харин зөөлөн салхи навчис хөдгөлгөж, нуур долгио үүсгэн бидэртэх нь өр эмтрэм зурагтай. Тэр л эмзэглэлээс асуултууд ургаж үүнд нь хариулах мэт, үгүй юм аа гэхэд бодитой болговол үүнээс өөр тохирох дүрслэл үгүй шиг санагдах бүтээлүүдийг зураач О.Золбоотөгөлдөр урлажээ. Гэхдээ яруу найрагч нь уран зурагт зориулж шүлгээ тэрлээгүй, зураач нь шүлэгт зориулж зургаа зураагүй гэж санана. Хэрвээ тэгчихвэл урлал маань өөрөө сүнсгүй болох билээ.




“Сүнс урлал” хамтарсан үзэсгэлэнд нийт 40-өөд зураг, 30 гаруй шүлэг багтжээ. Үзэсгэлэнгийн танхимд ороход мэдээж хана, түүн дээр байх зургууд угтана. Харин ихэнхи бүтээлүүд нь гоёмсог алтадмал, эсвэл зурагтайгаа огтхон ч зохиогүй гэмээр сүрлэг том угалзарсан хээтэй жаазнууд дотор байсангүй. Уран бүтээлүүд нь өөрсдийн гэсэн орон зайд хөвж, зураачаас ангид орших мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ингэснээр хажууд нь буй тайлбар, нэр, шүлгийн мөрүүд хөвөрсөн дөрвөлжин цагаан цааснаас тусдаа бус нэг талбайд уусан нэгдэнэ. Тиймдээ ч яруу найраг, уран зургийн хослол нь ямар нэгэн зааг ялгаагүй оршиж байлаа.


-ЦЭНХЭР НАВЧНЫ СҮНС-




Хамгийн түрүүнд би томоос том цэнхэр навчтай зураг олж харав. Тус зураг “Навчны сүнс тээхэд” гэдэг нэртэй. Яг л орос ардын үлгэрийн номонд байдаг гүнж нарыг санагдуулам төрхтэй эмэгтэйн тал нь зургийн хавтанд дүрслэгджээ. Гэхдээ баруун гар талын доод буланд нь. Үүнийг хараад Дорис Дёрригийн “Баруун дээд буландаа нартай зураг” өгүүллэг санаанд оров.


Өтгөн хүрэн өнгийн үсээ нямбайтал сүлжсэн энэ эмэгтэй бол зураачийн оюун санаанд ердийнхөөрөө л бууж буй дүр юм. Харин биеийг нь тойрон цагаан цэцэгтэй ургамлууд дүрслэгдсэн бөгөөд мөн чихнийх нь араар титэмлэн байна. Харин үснийх нь доогуур иш нь шургасан том цэнхэр навч эмэгтэйн цээжнээс л урган гарах шиг санагдана. Дулаан шаргал төрхтэй бүсгүйн дотор ийм том цэнхэр навч зүүгдэн байх ажээ. Зуны цэцэгс дундуур, шаргал нарны гэрэлд илбүүлэн алхаж явахдаа оюун бодолдоо цас зүүдэлж байх шиг...


Хальтхан харвал цасан ширхэгтэй андуурмаар тийм навчны сүнсийг өнөөх эмэгтэй тээж явна. Ишнээс ургасан судлууд нь тус тусдаа мод болон ургаж өөрсдийн оршихуйг тунхаглаж байна уу гэлтэй. Тиймдээ ч үй олон моддын сүнс өвлийн хүйтнээс зугтаж нэгэн том цэнхэр навч болоод эмэгтэйн дотор орчихсон байх шиг сэтгэгдлийг тус зураг биежүүлж өгөв.


Ийм л төсөөллийн гэмээр сэтгэгдэл зураг бүхэн дээр төрж байлаа. Уран зургийг заавал хавтан дээр өнгө будаг, жаазан доторх үйл явдлаар нь дүгнэх ер онцгүй санагддаг. Жаазанд хийж хайрцаглаагүй, зураач өөрөө ч мөн төсөөллийн асар баялыг ертөнцийг бүтээж байгаа тул “Сүнс урлал” үзэсгэлэнд хил хязгааргүй сэтгэлээр л зорчих ёстой юм хэмээн бодогдож билээ.


-АРИУСАХ ДУУ-




О.Золбоотөгөлдөрийн нэлээд хэдэн зурагт хонх дүрслэгджээ. Анх би хонхыг сүм хийдэд л харж билээ. Сүм бол миний хувьд хамаагүй гүйж, чанга ярьж, уйлж, ээжээс юм нэхэж, үймүүлж болохгүй ариун газар санагддаг байлаа. Хэн ч хэлж яриагүй хэр нь толгойд тэгж “кодлогдсон” хэрэг л дээ. Гэрт ирэхээрээ хамгийн их хүндлүүлж, аав ээж хоёр байгаа бүхнээ барьж зочилдог лам нар хонх дуугаргадаг байлаа. Дараа нь зургаан нас хүрч сургуульд сурахад мөн л хонх жингэнэж дууссаны хойно хичээлийн ширээний ард суув. Тэгээд л хонхны дууг хамгийн ариун зүйл гэж бодно. Одоо харин үзэсгэлэн рүүгээ эргэж оръё.


Хонх дүрслэгдсэн зургуудад навч, үүлс, салхины хөдөлгөөн, одод гээд байгалийн өөрийнх нь бүтээсэн амар амгалангийн биетүүд давхар буужээ. Харин эдгээрийн чимээтэй хүмүүний бүтээсэн зүйлсээс хонхны дуу л нэгдэн нийлж зүүд, зөнгийн манантай харгуй даган зураачийн ертөнцөөр аялах мэт. Тэрхүү шидлэг ахуй дундуур төөрчихөлгүй хонхны дуу даган явбал ямар нэгэн анир гүмд заавал хүрэх юм шиг сэтгэгдэнэ.




Ер нь О.Золбоотөгөлдөрийн зургууд үйл явдал, дүрүүд олонтой. Зургийн нэг талын доод булангаас нөгөө талын дээд буланд хүртэл өөрийн хүссэн замаар үзэгчид аялаж болно. Тэр үед үзэсгэлэнгийн танхимд өөрийгөө шинээр бүтээж, зургийн туршид чамайг дагах яруу найрагчийн шүлгүүдийг амандаа уншина. Ингэж зураач, зохиолч хоёр үзэгчийг дахин бүтээж түүнийгээ “сүнс урлал” гэж томьёолсон санагдана. Гэхдээ юмс заавал хоёр талтай шиг үгүй ч байж мэдэх юм.


Ямартаа ч байгаль дунд зогсоод хонх “дүнн, данн” цохилохыг сонсоод үзвэл үнэхээр л саторид хүрэх шиг мэдрэмж бие ороох ч юм билүү. Энэ л бодолдоо хүлэгдсээр “Сүнс урлал” үзэсгэлэнгээс гарч явна. Үзэгчид харин хэрхэснийг мэдэхгүй. Гол нь надад лав өнөөдөр мэдэрсэн бүхэн минь хангалттай. 



Холбоотой мэдээ