Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-19 12:33:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид насанд хүрээгүй хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээлэл сонслоо. Аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр аймгийн хэмжээнд энэ онд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн долоон гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 71,4 хувь өссөн байна. Хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний амийг болгоомжгүйгээр хохироох зэрэг гэмт хэрэгт долоон хүүхэд холбогдсон бөгөөд тэдний 85,7 хувь сургуулийн сурагчид байгаа аж. Энэ оны эхний есөн сард хүүхэд хохирсон 24 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 20,8 хувь өссөн үзүүлэлттэй байна.

- Ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт, эцэг, эхийн хараа хяналтгүй болон хохирогчдын биеэ хамгаалах чадваргүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа үндсэн шалтгаан болж байна. Гэмт хэрэг үйлдэгсдийн дотор эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүсийн эзлэх хувь өндөр байгаа нь ажилгүйдлийг шийдвэрлэх, зохицуулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Мөн эцэг эхийн хайхрамжгүй, хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас үүдэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна гэж аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч П.Шинэцэцэг ярилаа.

Холбоотой мэдээ