“Pfizer-BioNTech” Канадын 5-11 насны хүүхдүүдэд вакцинаа хэрэглэх хүсэлт гаргажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-20 09:31:36

ВАШИНГТОН. /France24/. Pfizer-BioNTech” компани “COVID-19”-ийн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтийг Канадын Эрүүл мэндийн газарт гаргажээ.


Эрүүл мэндийн газарт “COVID-19”-ийн вакциныг ийм бага насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт анх удаа ирж буй нь энэ болохыг тус газрын мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. 


Энэхүү хүсэлтийг 5-11 насны 2268 хүүхдийг хамруулсан туршилтын үр дүнд үндэслэн гаргасан бөгөөд энэ насны хүүхдүүдэд 10 микрограмм буюу стандарт тунгаас гурав дахин бага тунг тарьжээ.


Канадад одоогоор “Pfizer-BioNTech-ийн вакциныг 12-оос дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөөд буй юм. Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, хөндлөнгийн, нарийвчилсан судалгаагаар бага насны хүүхдүүдэд үзүүлэх вакцины ашиг тус нь эрсдэлээс давж байгааг баталсан тохиолдолд холбогдох зөвшөөрлийг олгох ажээ.


Энэ сарын эхээр “Pfizer-BioNTech” вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтийг АНУ-ын эрх баригчдад хүргүүлсэн юм. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд чинээлэг орнуудын хүүхдүүдээс өмнө ядуу буурай орнуудын хүн амыг вакцинжуулах нь нэн тулгамдсан асуудал болоод буйг мэдэгдсээр байгаа билээ. 

Холбоотой мэдээ