БНСУ шатахууны татварыг түр хугацаанд бууруулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-22 13:28:58

СӨҮЛ. /Yonhap/.  БНСУ нефтийн үнийн өсөлттэй холбоотой инфляцид үзүүлэх дарамтыг бууруулах зорилгын хүрээнд шатахууны татварыг түр хугацаанд бууруулахаар төлөвлөж байна гэж тус улсын Сангийн тэргүүн дэд сайд И Ёг Вён өнөөдөр мэдэгджээ.


“Засгийн газар эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд одоогийн байдлаар хоёр хувьтай байгаа байгалийн хийн /LNG/ импортын татварыг нэмж бууруулахаар төлөвлөж байна” гэж И Ёг Вён хэлжээ.


Түүнчлэн шатахууны татварыг түр хугацаанд бууруулах хугацаа, хамрах хүрээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулахаар болжээ.


Дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан олон улсын зах зээлд нефтийн үнэ өссөөр байна.  


Тус улсын жишиг Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэ болох 82.28 ам.долларт хүрсэн нь есдүгээр сарын дунджаас /72.63 ам.доллар/ өссөн үзүүлэлт болжээ.


БНСУ-ын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар өсжээ. Түүнчлэн тус улсын Засгийн газар 2018 оны арваннэгдүгээр сард шатахууны үнэ 1690.3 вонд хүрсэнтэй холбогдуулан татварыг нь түр хугацаагаар бууруулж байжээ.

Холбоотой мэдээ