АН-ын Онц их хурлын шийдвэрийг УДШ-д хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын удирдлага, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тус намын Онц их хурлаар шийдвэрлэсэн есөн тогтоол болон холбогдох материалыг Улсын дээд шүүхэд өнөөдөр хүргүүллээ.
Улсын дээд шүүхээс тус намын даргын асуудлыг дотоод дүрмийнхээ хүрээнд шийдвэрлэх зөвлөмж өгсөн юм. Энэ хүрээнд намын дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны 280 гаруй төлөөлөгчийн гарын үсэгтэй шийдвэрээр Онц их хурлыг өнгөрсөн баасан гарагт зарлан хуралдуулсан. Тус хуралд 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны 3800 гаруй төлөөлөгч оролцож намын дотоодод үүсээд байгаа маргаанд цэг тавьж, О.Цогтгэрэлийг намын даргаар ёсчлон батламжилжээ.
Хуралдаанаар гарсан 9 тогтоолоос гадна холбогдох 38 боть, 4100 хуудас материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлж байгаа юм. Тодруулбал, бүх аймаг, сум, дүүргийн намын хороо, үүрүүдэд болсон хурлын протокол, тэндээс Онц их хуралд оролцох төлөөллөө сонгосон тухай материал багтаж байгаа юм. Үүнээс гадна төлөөлөгчид Онц их хуралд оролцохоор бүртгүүлснээс гадна хурлын бүх процесс зэргийн материалыг хавсаргажээ. Түүнчлэн хурлын үеэр газрын зурагт бүх аймаг, сум, дүүргийн намын дарга нарын тамгаа дарсан самбарыг намын гишүүд УДШ-ийн гадна байрлуулсан байна.
Өнгөрсөн баасан гарагт болсон тус намын Онц их хуралд оролцсон төлөөлөгчдийн 55 нь үг хэлсэн бөгөөд үндсэн хоёр санал гаргажээ. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид энэ хүрээнд есөн тогтоолын төсөл гаргаж тэдгээрийг төлөөлөгчид олонхын саналаар дэмжсэн байна.
Намын даргын асуудал болон тогтоолын төслүүдийг бүртгэх эсэхийг Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэнэ.