БНХАУ-аас Африкийн орнуудад 1 тэрбум тун вакцин хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг илгээнэ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Коронавирусний "Омикрон" хувилбар өмнөд хэсгийг нь хамраад байгаа Африк тивийн орнуудад туслалцаа үзүүлэхээ БНХАУ илэрхийллээ.
Тодруулбал, тус улсын дарга Ши Жиньпин 29-ний өдөр зохион байгуулсан Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үеэр Африкийн орнуудад 1 тэрбум тун "COVID-19"-ийн вакцин хандивлаж, цар тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор 1500 эмч, мэргэжилтнийг илгээнэ гэдгээ амлав.
АНУ-ын Associated Press News агентлагийн 11-р сарын 27-ны мэдээнд, Африк тивийн хүн амын 6 хүрэхгүй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан ба олон сая эмнэлгийн ажилчид болон эмзэг бүлгийнхэн вакцинд хамрагдаагүй байгаа талаар мэдээлжээ.
Дархлаажуулалтын хувь хангалтгүй байгаа нь цар тахлын дэгдэлтийг түргэсгэж байгаа ба вирус мутацилагдахад нөлөөлсөн байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Африк тивд вакцинжуулалт хангалтгүй байгаа нь дэлхий дахинд вакцины хангамжийн асуудал тэгш бус байгаа гэх асуудлыг хөндсөн байна.
АНУ-ын Science сэтгүүл 11-р сарын 25-ны дугаартаа, өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 66 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байгаа бол хөгжил буурай орнуудад хүн амын дөнгөж 2.5 хувь нь вакцинд хамрагдсан байгаа талаар мэдээлжээ.