Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмэр оруулагч орны статусаа хадгалах төлөвтэй байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-12-06 12:43:44

Бээжин /МОНЦАМЭ/. “Дэлхийн эдийн засаг энэ оны эцэс гэхэд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшиндээ эргэн хүрэх боломжтой ба Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмэр оруулагч орон хэвээр байна” гэх хамгийн сүүл үеийн судалгааны дүн гарчээ.

    Тодруулбал, энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Хятадын Гуанжоу хотод болсон “18 дахь удаагийн Олон улсын Санхүүгийн форум”-ын үеэр “Олон улсын Санхүүгийн форум 2021 дэлхийн санхүү ба хөгжлийн тайлан”-г танилцуулав.

    Тус тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч суларсан ч аажмаар сэргэсээр байгаа ба одоогийн байдлаар нийтээр хүлээн зөвшөөрөөд буй хүлээлтээс харахад энэ онд дэлхийн эдийн засаг 5.9 хувиар өсөхөөр байгаа юм. Үүнээс хөгжингүй орнуудын эдийн засаг 5.2 хувиар өсөж дэлхийн эдийн засгийн өсөлтөд 37 хувийн хувь нэмэр оруулах бол хөгжиж буй орнуудын эдийн засаг 6.4 хувиар өсөж дэлхийн эдийн засгийн өсөлтөд 63 хувийн хувь нэмэр оруулна.

    Улс орнуудын хувьд авч үзэхэд, Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 26.3 хувь буюу хамгийн том хувь нэмэр оруулагч орон хэвээр байх бол араас нь АНУ 16.7 хувь, Энэтхэг улс 11 хувиар тус тус удаалж байна.

     Уг тайланд ирэх 2022 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа ба төсөв, мөнгөний бодлого нь эдийн засгийн сэргэлтийг дэмжсээр байх болно гэжээ. Ирэх онд дэлхийн эдийн засаг 4.7 хувиар өснө гэсэн таамаглалтай байгаа бөгөөд үүнээс хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 4.2 хувь, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 5 хувьтай байх төлөвтэй байна.

    Гэсэн хэдий ч дээр дурдсан төлөвт нөлөөлөх сөрөг эрсдэлүүд байгааг тайланд онцолжээ. Эрсдэлүүдээс вакцинжуулалтын явц удаашралтай байх эсвэл вирусний шинэ мутаци үүсэх зэргээр цар тахлын нөхцөл байдал хүндрэх нь хамгийн том эрсдэл болж байна.    

Холбоотой мэдээ