Монголд хүний эрхийг хамгаалах байдал сайжирсан гэж дүгнэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЙОХАННЕСБУРГ. /monitor.civicus.org/. Монгол Улсад хүний эрхийг хамгаалах байдал сайжирч, нэг түвшин ахилаа гэж 197 орны хүний үндсэн эрх чөлөөг үнэлж, хянадаг олон улсын судалгааны “CIVICUS” байгууллагын гаргасан тайланд дурджээ.
Уг тайланд дурдсанаар, 2021 онд зөвхөн Монгол Улсад хүний эрхийн индекс сайжирсан бол өөр 13 оронд энэ үзүүлэлт буурчээ. Хэвлэлийн эрх чөлөөт байдал нэмэгдсэн болон хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шинэ хууль батлагдсан нь Монголд хүний эрхийг хамгаалах байдал сайжрах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн дурдсан байна.
“narrowed” гэдэг зэрэглэл нь “CIVICUS” ажиглалтын байгууллагын зүгээс өгдөг үнэлгээний дээрээсээ хоёр дахь сайн үнэлгээ ажээ. Энэ үнэлгээг нарийвчлан тайлбарлавал, Монголын ард иргэд эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт иргэний эрх чөлөөгөө эдлэх эрхтэй гэсэн утгатай юм.
2021 оны 4 дүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь “CIVICUS” байгууллагад ихэд таалагджээ. Учир нь ард иргэдийн эрхийг хамгаалдаг хүмүүсийг хамгаалах, тэднийг дэмжих зорилготой эрх зүйн зохицуулалтын суурийг тавьсан Азийн анхны улс нь Монгол болсон байна. Мөн уг хуулийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет “томоохон дэвшил” хэмээн сайшаажээ.
Монгол дахь хүний эрхийг хамгаалагчид өмнө нь ялгаварлан гадуурхах, дарамтлах, айлган сүрдүүлэх зэрэг үйлдлүүдтэй нүүр тулгарч байсан бол одоо тэд шинэ хуулиар хамгаалалтад орж, өөрийн эрхээ эдэлж, дэмжлэг авах боломжтой болсон юм.
Монгол Улс нь мөн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороо байгуулах ажлыг эхлүүлээд байгаагийн зэрэгцээ идэвхтнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнийн эрхийн комиссын үйл ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Монгол Улс энэ онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр таван байр дээшилж, 68-д жагсах болжээ. Сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд төр, засгаас ангид, олон нийтийн үйлчилгээний хэрэгсэл болон хувирч, улмаар тэдний үйл ажиллагаа явуулах орчин сайжирсан байна.