“Боршоо-Хандгайт”, “Ханх-Монд” боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 10-ны хэлэлцээр"-т нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн дэд сайд Токарев Владимир Александрович нар энэ сарын 16-нд хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурав.
Энэхүү Протоколыг байгуулснаар талууд Монгол, Оросын хилийн “Боршоо-Хандгайт”, “Ханх-Монд” хоёр талын боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв. Мөн Протоколын дагуу нийт боомтын жагсаалтаас 13 хилийн боомтыг хасах, 16 хилийн боомтыг үлдээхээр тохиролцсон. Жагсаалтаас хасах 13 хилийн боомтын хувьд түр буюу улирлын ажиллагаатай, хилийн хяналт шалгалт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн барилга, байгууламж байхгүй, дэд бүтцийн шийдэлгүй, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, сүүлийн жилүүдэд зорчих хөдөлгөөн огт хийгдээгүй нөхцөлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлийг эхлүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Алтанбулаг, Боршоо, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, Ханх, Цагааннуур, Ульхан боомтуудыг “Хилийн зарим боомтуудыг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд багтаасан.