Тайпэйн ёслолын буудлагын үзүүлбэр 2022 онд цар тахлын дараах гэрэлт ирээдүйг авчирна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
“COVID-19”-ийн шинэ хувилбар болох “омикрон” дэлхий нийтэд аюул занал учруулсан хэвээр байгаатай холбоотойгоор дэлхийн олон улс орны хотууд шинэ жилийн баярыг угтах олон нийтийг хамарсан баярын арга хэмжээнүүдээ цуцлаад байна. Харин тайваньчууд цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэл өрнүүлсний ачаар дэлхийд алдартай Тайпэй хотын 101 давхар цамхагийн шинэ оныг угтах ёслолын буудлагын үзүүлбэрийг хуваарийн дагуу зохион байгуулна.
Энэ жилийн ёслолын буудлагын үзүүлбэрийн онцлог нь дэлхийд анх удаагаа өндөр барилгыг ашиглан “Далавчаа дэлгэж буй нь” хөдөлгөөнт салют, “Халуун сэтгэлийг илтгэсэн зүрхэн хэлбэр бүхий салют” зэргийг нийтэд үзүүлж сонирхуулахаар бэлтгэж байгаад оршиж байна. Ингэснээр “Т-PAD” гэрлийн сүлжээг дөрөв дэх удаагаа шинэ жилийн баярын ёслолын буудлагад ашиглах юм. Мөн өнгөрсөн онд олны талархлыг хүлээсэн 360 градусын гурван хэмжээст тусгай эффект бүхий дугуй хэлбэрт салютыг сүрлэг симфонитой хослуулан олон нийтийн хараа, сонорыг мялаах болно. Энэ удаагийн салют буудлагын үзүүлбэр 360 секунд буюу өнгөрсөн оныхоос нэг минут удаан үргэлжилнэ. Энэ онд нийт 16 мянган ширхэг салют буудуулах бөгөөд Тайпэйн 101 давхар цамхагийн ойр орчимд нэг сая гаруй хүн салют буудлагыг үзэж сонирхох төлөвтэй байна.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ талаар хэлэхдээ, “Энэ онд Тайпэй хотын 101 давхар цамхагийн шинэ оныг угтах ёслолын буудлагын үзүүлбэр нь “Гэрэлт ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд зохиогдоно. Өнгөрсөн хоёр жилийн хувьд дэлхий дахин “COVID-19” цар тахлын аюулд нэрвэгдэж, дэлхийн улс орнуудын ард иргэд хэвийн амьдралдаа шилжиж эхлээгүй байсан. Цөөнгүй хотууд “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “омикрон”-ы улмаас хорио цээр тогтоож, олон нийтийг хамарсан шинэ оныг угтах баярын арга хэмжээнүүдээ цуцалсан. Мөн шинэ он солигдохоос өмнө хил дамнасан аялал хийхэд туйлын хүндрэлтэй байгаа бөгөөд хүмүүс сэтгэл санааны хямралд орох магадлал өндөр байна. Зохион байгуулагч байгууллагын зүгээс шинэ оныг угтах ёслолын буудлагын үзүүлбэрээр дамжуулан хүн ардад эрүүл энх байхын бэлгэдлийг түгээнэ гэж найдаж байна” хэмээжээ.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн, “Тайваньд энэ онд хэд хэдэн удаа олон өдөр дараалан дотоодод халдварласан тохиолдол огт бүртгэгдээгүй бөгөөд 11 дүгээр сарын эхнээс 12 дугаар сарын эхэн үе хүртэл сар гаруйн хугацаанд дотоодод халдварласан тохиолдол илрээгүй. Сүүлийн үед “омикрон” хувилбар тархаад байгаа хэдий ч Тайваньд дотоодын халдвар огт бүртгэгдээгүй. Тайваньчууд халдварт өвчнийг үр дүнтэй хянаж байгаа ч шинэ жилийг угтах үйл ажиллагаанд хөнгөн хуумгай хандахгүй байгаа ба энэ үеэр бүх хүмүүс амны хаалт зүүж, ус уухаас бусад тохиолдолд юм идэж уухыг хориглож байгаа болно. Мөн арга хэмжээ болох газар луу орохоос өмнө өөрийн овог нэр, холбоо барих мэдээллээ бүртгүүлэн биеийн дулаанаа хэмжүүлж, гараа ариутгах шаардлагатай. Монголын үзэгчдийг Тайпэй хотын 101 давхар цамхагийн шинэ оныг угтах ёслолын буудлагыг телевиз, цахим сүлжээгээр дамжуулан хүлээн авч үзэхийг урьж байна” гэв.

Халуун сэтгэлийг
илтгэсэн зүрхэн хэлбэр бүхий салютын схем зураг /Эх сурвалж : Тайпэй хотын 101 давхар цамхаг/