С.Цэрэнлхам: Нэг өнгөнөөс уусгасаар 8-9 дагнаасыг гаргаж болдгоороо монгол хатгамал гайхамшигтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2022-01-27 19:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зураг мэт өнгө будаг уусган шагласан уран хатгамал бол нүүдэлчин монголчуудын бүтээсэн гайхамшигт өв соёлын нэг. Чамин тансаг, өнгө, бэлгэдлийн гүн утга агуулгаараа Монголын хатгамлын урлаг дахин давтагдашгүй өвөрмөц хэв шинжтэй байдаг нь нүүдэлчдийн онцлогийг шингээсэнтэй холбоотой.   Уламжлалт уран хатгамлыг түгээн дэлгэрүүлж яваа уран хатгамалч С.Цэрэнлхамтай Богд хааны ордон музейд дэлгэгдсэн "Монгол гайхамшиг:уран хатгамал" үзэсгэлэнгийн үеэр ярилцсан юм.


-Манай оронд хатгамал хэдийнээс үүсэлтэй гэж үздэг вэ. Хатгамлын хэчнээн төрөл байдаг вэ?

-Хүн төрөлхтөн буй болсон цагаас хойш ан амьтан агнаж, арьсаар нь биеэ халхлах хувцас хунар хийх болсон цагаас оёдол эхэлсэн гэж үздэг. Хүн судлалын эрдэмтдийн үзэж байгаагаар хамгийн анхны үйлдвэрлэлийн багаж зэвсэг бол зүү, хуруувч юм билээ. Тиймээс оёдол үйлийн урлал бол хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой.

Хатгамал хөших, шаглахаас эхлээд задгай, битүү, туузан, чагтан хатгамал гээд маш олон төрөлтэй. Хөших оёдлыг зад татахад амархан урагдана. Орон зай дээр шаглаад оёвол маш бат бөх болдог. Хүний нийгмийн хөгжлийг дагаад оёдол үйл хөгжиж ирсэн. Цаг уурын онцлог, эрхлэх аж ахуй гээд хөгжсөөр нүүдэлчин уламжлалтай ард түмэнд бат бөх эдэлгээтэй хатгамал нь зүү ороох урлал байсан юм билээ. Дээр үед зүү ороох хатгамлыг голдуу ихэс дээдэс хэрэглэдэг байсан. Тухайлбал, Дондогдулам хатан урчуудтай байсан гэдэг. Урчууд нь хаан, хатны хувцас хунар, эдэлж хэрэглэдэг зүйлийг хийнэ. 17, 18 аймгийн хүүхнүүд ордонд байрлаж, урлалаа хийдэг байсан гэхээр Дондогдулам хатан гар урчуудыг хөгжүүлсэн.


-Та хэзээнээс анх үйл мэтгэж эхлэв?

-Би 1989 оноос 34 жил зүү ороох хатгамал урлаж байна. Гадныханд хатгамал заахад, манай хатгамлыг “маш хэцүү юм байна, яаж ийм удаан хугацаанд сууж хийдэг байна” гэж гайхдаг.

Зүү ороох хатгамлаар оёж сууж байгаа хүнд өөрт нь бясалгал болдог, орчноосоо тасардаг, өнгө ууслаа яаж өгөх талаар төвлөрдөг учир маш их цаг хугацаа ордог хүнд хөдөлмөр юм.


-Бясалгал хийж байгаатай дүйцэхүйц төвлөрөл шаардах гол учрыг юутай холбож ойлгож болох вэ?

-Хатгамал бол нэг төрлийн бясалгал юм. Оюун санаа маш их орно. Жишээ нь, зураач хүн нэг өнгө буруу өглөө гэхэд түүнийгээ хусна, дарна эсвэл өөр өнгөөр тавьж бүтээлээ хийж болно. Харин зүү ороох хатгамалд нэг л өнгө алдвал хатгамалчин хүний хөдөлмөр үгүй болно. Зүү ороох хатгамлыг ханзлаад дахиад өнгө өгөөд оёж болдоггүй. Тиймээс ямар дэвсгэр дээр ямар хээ тавих вэ, ямар өнгийн дагнаас өгөх вэ гэхчлэн бодож байж урладаг.


-Хятад, япон, солонгос зэрэг оронд гар урлал, тэр дундаа хатгамлыг их сонирхдог. Харин зүү ороох хатгамал манайхаас өөр оронд байдаггүй гэж дуулсан. Та ч бас нүүдэлчдийн онцлогоос үүдсэн бат бөх урлал болдог тухай нь дээр өгүүлсэн?

-Манай Монголын зүү ороох урлаг дэлхийд байхгүй. Бусад хатгамлыг нэг зүү, нэг утсаар хатгадаг. Харин зүү ороох хатгамлыг хоёр утас, нэг зүүгээр хатгадаг онцлогтой. Хамгийн гол нь дагнаас өгч, өнгөний ууслыг гаргадаг өвөрмөц онцлог шинжийг харуулдаг. Мөн маш бөх. Материал нь элэгдсэн байхад зүү ороосон хатгамал нь үлддэг. Үүний жишээг Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн ширдгээс тодорхой харж болно. Хэдийгээр орчин үед техник, технологи өндөр хөгжиж, хүний хийж бүтээдэг олон зүйлийг компьютер программаар гүйцэтгэж байгаа ч зүү ороох хатгамлын нарийн оёдол, шаглааг хийж чадахгүй байгаа юм. Чагтан, битүү, хаваасан зэрэг бусад хатгамлыг машины программд оруулаад хатгаж байна.

Монгол хатгамлын гол онцлог бол дагнаас, өнгөний уусалтыг сайн хийж өгдөг. Түүгээрээ бусад орны хатгамлыг бодвол гайхамшигтай, гоё харагддаг. Нэг өнгөнөөс уусан ууссаар 8-9 өнгөний дагнаасыг гаргаж болдог. Тэр бүрд маш нарийн утсаар хялгасан зүүгээр хатгаж байж маш олон өнгийн дагнаасыг хийж өгч болно. Утас, зүүний бүдүүн, нарийн ямар хатгамал хийх вэ гэдэг зүү, утсаас шалтгаална.


-Сонирхож асуухад, зүү ороох хатгамал аль аймагт илүү хөгжсөн байдаг бол?

-Ер нь хүний хүчин чармайлт шүү дээ. Говийн аймгийн хүүхнүүд ур чадварын хувьд арай илүү гэж бодогддог.


-Нэгэн үеэ бодвол өдгөө даалингүй эрчүүд ховор болжээ. Түүнийгээ дагаад даалингийн хээ хуар ч орчин үеэ дагаад их өөрчлөгдөж байна уу даа ?

-Гутланд тавьдаг хээг цээжнээс дээш гаргаж болохгүй. Хаант засгийн үед хээний утга учир дипломат харилцааг үүсгэдэг байсан. Богд хаан ямар хүнтэй харьцах гэж байгаагаасаа шалтгаалан ямар хээтэй дээл өмсөх вэ гэхчлэн ялгамжаатай байсан байна. Гэтэл орчин үед хамаагүй болжээ. Алгын чинээ даалингийн материал дээр ертөнцийг багтаах гэж байгаа юм шиг бүх зүйлийг шавааралдуулж оёж байна. Би түүнд шүүмжлэлтэй ханддаг. Жишээлбэл, 12 жил, найман шарга, дөрвөн хүчтэн, нацагдорж, очир, нар сар гээд энэ бүгдийг даалин дээр багтааж байна. Аливаа зүйлд орон зайтай байх хэрэгтэй. Тэгж байж гоё харагдана. Бие биенээсээ салж тусгаарлах зүйлгүй болгоод байна. Аяндаа улсууд ойлгох байлгүй дээ.

Анх намайг 1989 онд хатгамал эхэлж байх үед хатгамал хаягдсан байсан. Хөдөөний ард түмэн гэхэд эр нөхөртөө дээл хийгээд өөдсөөр нь оёдлын машинаар ямар ч хээ хуаргүй даалин хийгээд хэрэглэдэг байсан. Харин 1990, 1991 оноос хойш зүү ороодог даалин урлал хөгжиж эхэлсэн. Тухайн үед даалингийн захиалга дийлддэггүй байлаа.


-Мартагдах шахсан хээ, хатгамал гэж байдаг уу?

-Байна, байна. Загасан нуруу хатгамлыг даалингаа хөвөөлж хийдэг байсан тэр мартагдаж байсан. Одоо хүн бүр даалингийнхаа ёроолоор эмжээд хавтгайгаа тойруулж оёж байна. Мөн бас нэг ёроолын хээ мартагдах шахсаныг уран хатгамалч Н.Нарантуяа хийсэн байна билээ.


-Ур ухаанаа шингээж оёсон бүтээлээсээ хамгийн үнэ цэнтэйг нь дурдвал?

- Бүгд л үнэ цэнтэй дээ. Даалинг сая төгрөгөөр зардаг хүн нь ганцхан би л байлаа. Бие биедээ зааж өгөөд, надаас сурсан нь эгч дүү нартаа зааж өгөөд л сүүлдээ сургалтын газрууд ч бий болсон. Хатгамлын урлаг одоо хөгжлийнхөө замд ороод байна.


-Та анх хэнээс хатгамал сурч байв. Уламжлалт уран хатгамлыг түгээн дэлгэрүүлж яваа хүний хувьд хэчнээн шавьтай вэ?

-Би ээжээсээ сурсан. Миний ээж Булган аймгийн уугуул, уран Должин гэж хүн байсан. Ээжийнхээ зүүг зэврүүлэхгүй юмсан гэж өдий болтол зүтгэж байна даа. Олон шавьтай. Дагнаад хийж байгаа нь цөөхөн байна.


-Сонирхоход, олны танил хүмүүсээс таны урласан даалинг хэрэглэдэг үү?

-1990-ээд оны үед Төрийн өмчийн хорооны дарга н.Пүрэвдорж гэдэг хүн найман тахилтай даалин захиалж байсан.


-Таны даалин одоо ямар үнэтэйг асууж болох уу?

-Даалингийн үнэ цэн нь ур хийц, давтагдашгүй чанартаа байдаг. 3.5-5.5 сая төгрөгийн үнэтэй. Нас 70 хол гарсан болохоор нүд муудаж даалин урлахад хэцүү болж байна.


-Манай улсад хэчнээн уран хатгамалч байдаг бол?

-Нэлээн олон байдаг, 500-600 хүн байгаа байх аа.


-Манай уран хатгамалчид хатгамлын урлалыг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байна гэсэн. Үүний тулд гадны улсуудад уран бүтээлээ үзүүлэх, үзэсгэлэн дэлгэх нь чухал. Манай улсаас гадаад оронд уран бүтээлээ дэлгэх ажлыг зохион байгуулдаг уу?

-1970 он хүртэл хатгамалчдыг дэмждэг төрийн бодлоготой байсан. Түүнээс хойш төрөөс дэмжлэг туслалцаа байхгүй байлаа. Харин одоо Соёлын яамтай болсноор бодлого өөр болж байна. Түүнээс биш өөрсдийн хүсэл зоригоороо, талбайн үнэ хөлсийг хувиасаа гаргах, замын зардлаа гаргах гэхчлэн үзэсгэлэнгээ гаргаж байсан.

Худалдаа аж үйлдвэрийн танхим 1990-ээд оноос уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байсан. Тухайн үед н.Дэмбэрэл дарга гар урчуудыг дэмжин, гадаад дотоодын үзэсгэлэн яармагт оролцуулдаг байсанд уран бүтээлчид бид талархаж явдаг.


-Таны урласан энэхүү дамрын даржин онцгой чамин харагдаж байна. Маш олон оёдол, хатгамлаар чимсэн энэ даржинг хэдий хугацаанд урласан бол гэж өөрийн эрхгүй санагдлаа?

-Дээр үеэс шашны эд зүйлсэд зүү ороох хатгамал хадгалагдаж үлдсэн эд зүйлийн нэг нь дамрын даржин юм. Энгийн даржингаас гадна тэнгэрийн таван өнгөтэй, доторлогоотой, найман тахилтай даржинг хэргэм зэрэгтэй лам нар зэрэг зиндаагаараа хэрэглэдэг байсан. Дамрын даржинг урлахдаа найман тахилтай, бэлгэдэл болгон таван өнгийн хадгаар ороосон. Мөн алт, мөнгөн утсаар зүү ороосон. Гаанс, тамхины уутны хувьд дээр үеийн загваруудыг сэргээж, тохирох хээг нь тавьж урласан. Би ер нь эрэгтэй хүний гоёлыг түлхүү урладаг. Тухайлбал, гаанс, тамхины уут, даалин, аяганы уут гээд эрчүүдийг гоёх дуртай. 



Холбоотой мэдээ