“Түмэн тэмээний баяр”-ыг 23 дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-23 17:52:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022" үйл ажиллагааг ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болон явуулдаг “Түмэн тэмээний баяр”-ыг энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү баярыг анх Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд Булган суманд тэмдэглэн өнгөрүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн юм.
"Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо"-ны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа "Монгол орон тэр дундаа говь нутаг маань хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Иймд тэмээний уралдаан, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, тэмээчдийг бодлогоор дэмжин ажиллах, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү баярыг тэмдэглэдэг. Малчид нэг тэмээг зах зээлд борлуулахад ойролцоогоор нэг сая орчим төгрөг болдог. Харин энэхүү баяраар дамжуулан тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хурдан тэмээгээ уралдуулаад орлого олох боломжийг нээж өгч байгаа юм" гэлээ.

“Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй цагдаа хэв журам сахиулна. Мөн торомны уралдаанд 16-аас дээш, бусад тэмцээн уралдаанд 18-аас дээш насны иргэд оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. Баярын үеэр буухиа тэмцээн, тэмээн поло, тэмээтэй сайхан хос, хурдан тэмээний богино зайны уралдаан, тайлаг болон тором, бүтээн тэмээний уралдаан болно.

Ташрамд, 2016 онд Өмнөговь аймагт 1115 тэмээ уралдуулж 1108 тэмээ барианд орсноор дэлхийд дээд амжилтыг тогтоон Гиннесийн номд бичигдсэн юм.
Холбоотой мэдээ