Үйлдвэрлэл хөгжүүлэх өнөөгийн шаардлага

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-03-16 17:39:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн бараа бүтээгдэхүүний хомстол, түүнийг дагасан үнийн өсөлт, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэгцсэн энэ үед манай улсад үйлдвэржилтийн бодлого тасарч алдагдсан байдал онцгой мэдрэгдэх болов. Уул уурхайн бүтээгдэхүүний орлого голлосон эдийн засагтай, дотоодын хэрэглээнийхээ дийлэнхийг импортоор хангадаг улсын хувьд хил гаалийн түр зуурын саад гацааг давж чадалгүй хүнд байдалд орж байгаа нь бодит байдал.

 

Ирэх сард болох “Монголын эдийн засгийн форум” болон түүний урьдчилсан хэлэлцүүлгээр “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилтыг тус бүрт нь хэлэлцэх юм. Энэ бодлогын нэг хэсэг нь аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай асуудал. Амь зуулгын гол хэрэгсэл болсон уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр экспортолдог,  мал аж ахуйн орон атлаа түүнээс гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт байхгүй, хүнсний болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотоодынхоо хэрэгцээг хангаж дийлдэггүй улсын хувьд энэ бодлогыг тэргүүн зэрэгт анхаарах нь зүйн хэрэг.


Мэдээж байгалийн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн баялгаа боловсруулах үйлдвэрлэлийн бодлогыг сэргээж шинэ шатаар хөгжүүлэх цаг эртнээс шийдлээ хүлээж буй. Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хүнсний бүтээгдэхүүн импортын тэнцвэрт байдалд онцгойлон анхаарах ёстой юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн хязгаарлалт хийх бүрд хүнсний бүтээгдэхүүний хомстол үүсдэг, нийлүүлэлтийн энэ доголдлоос шалтгаалсан үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа болж буудаг байдал зэрэг нь манай улс хаанаа алдаатай явааг тодоор илчилж байгаа.




Аливаа улс орны хөгжлийн үзүүлэлтэд үйлдвэрлэлийн хөгжлийн нөхцөл байдал нөлөөлөх гол зүйл нь болж байдаг. Гэтэл одоо хүний хөгжлийн асуудлыг хиймэл оюун ухаан буюу хүний оролцоо багатай үйлдвэрлэл технологитой холбож ойлгох хэмжээнд хүрч ирсэн энэ үед ойр зуурын хэрэгцээгээ хангах үйлдвэрлэлийн тухай ярьж байгаа нь харамсмаар ч өөр сонголт манайд алга. Ноос ноолууран бүтээгдэхүүнээс өөр технологи шингэсэн бүтээгдэхүүнгүй манай улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх тухай асуудал ердөө бодлого тодорхойлох, хэлэлцүүлэг өрнүүлэх төдийд л явж ирсэн гэхэд хилстэхгүй. Уг нь манайх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй асар том зах зээл болсон хөрш орнуудын зах зээлд нийлүүлэх ч өргөн боломжтой улс. Эдийн засгийн хараат байдлын хор хохирол бүх салбарт нөлөө үзүүлсэн цар тахлын үе цаашид амин чухал байсаар байх салбарын хэрэгцээг улам бүр тодрууллаа. Тэр нь үйлдвэржсэн улс байх явдал.


Байгалийн баялгаа боловсруулж, хүнс болон бусад хэрэгцээгээ дотоодын нөөц бололцоогоор хангаж, үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, наад захын хэрэгцээгээ гадны зах зээлийн нөлөөнд оруулахгүй байх чадамжтай улс болоход “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд хөшүүрэг болох байх гэсэн хүлээлт бий. 


Энэ бодлогын хүрээнд,


-Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах,


-Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулах,


-Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулах, 


-Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох гэх мэт эдийн засгийн тогтвортой байдалд нөлөө үзүүлэхүйц хэмжээний цогц бодлого төлөвлөгөөг багтааж байгаа юм. 


Нэг салбараас хэт хараат, үйлдвэрлэл хөгжөөгүй, импортын хамаарал ихтэй, далайд гарцгүйгээс тээврийн зардал асар өндөр, жижиг зах зээлтэй гэх мэт сул талууд манай эдийн засгийг боомилж байдаг. Энэ эмзэг байдал нь эргээд ажиллах хүч, хүний нөөцийн хөгжилд гардаг бэрхшээлүүдийг ч давхар нэмдэг. Хэдийгээр жижиг зах зээлийн орчин нь үйлдвэрлэлийн далайцтай хөгжилд тээг болдог ч импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, тээвэрлэн түгээх сүлжээ сайтай өрсөлдөх орчинг нь бүрдүүлснээр үйл ажиллагаа нь тэлэх, идэвхижих боломж үргэлж нээлттэй байдаг. Үйлдвэрлэл нэмэгдвэл мэдээж амьжиргааны өртөг буурна, ингэснээр иргэдийн ахуй амьдралд сайн нөлөөгөө үзүүлж эхэлнэ. Энэ мэт эдийн засгийн гинжин холбоо, тооцоололтой хөгжил тасраад удсан. Түүнчлэн манай улсын хувьд үнэ цэн, нөөц бололцоогоороо байгалийн баялгийн дараа орох мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгож, шинэ бүтээгдэхүүн бий болгон цар хүрээг нь нэмэх шаардлага ч бий.


Ямартаа ч эдийн засгийн хувьд тусгаар биш юм гэхэд хэт хараат байдлаас ангижрахад нөлөөгөө үзүүлэх цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн Газар эрчимтэй ярьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл түүхийгээр зөөдөг баялгаа боловсруулан нэмүү өртөг шингээж борлуулдаг, хүнсний болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ зохицуулах чадамжтай улс болох аж үйлдвэржилтийн сэргэлтийг тодорхой үе шаттайгаар эхлүүлэхэд бодлогоо чиглүүлж байна гэсэн үг. Цаашилбал энэ бодлогоор шинжлэх ухаан, технологийн салбарыг шинэчлэх, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлох юм.  4-р сард болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. Энэ арга хэмжээг угтаж уг бодлогын 6 зорилтыг тус бүрт нь хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд нэг зорилт нь Аж үйлдвэржилтийн сэргэлт юм.

 

 

Холбоотой мэдээ