Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-21 15:46:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн төрийн албан хаагчдын "Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-Төрийн алба" зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд сум, агентлагийн 300 шахам төрийн албан хаагч оролцож, төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутагт хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай "Булган аймгийн Төрийн албан хаагчийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ", Удирдлагын академийн сургалтын албаны дарга Я.Бямбаяр "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль", Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал Д.Байгал "Төрийн албаны сургалтын тогтолцоо", Цахим харилцаа, хөгжлийн яамны хэлтсийн дарга А.Золзаяа "Цахим шилжилт-Цахим жишиг аймаг", Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр "Бүс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт-Шинэ сэргэлтийн бодлого", НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх Д.Отгон "Төрийн албан хаагчийн ёс зүйн өнөөгийн байдал, эрх зүйн орчин-Тэгш гарааны шударга нөхцөл” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

"Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-Төрийн алба" зөвлөгөөнд оролцогчид төрийн албан хаагчдад хандаж зөвлөмж гаргахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ