МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2022: Хөрөнгө оруулагчдад 120 их наяд төгрөгийн зах зээл санал болгов

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-12 11:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ хэмжээг 10 жилийн дараа гэхэд гурав дахин нэмж, 10 мянган ам.доллар, Төвбанкны валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ. Энэ бол УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд баталсан эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан том зорилт. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас “КОВИД-19” цар тахлын улмаас хоёр жил тасалдсан “Монголын эдийн засгийн чуулган”-ыг дөрөвдүгээр сарын 7-8-нд Төрийн ордонд зохион байгууллаа.


Энэ жилийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 ажлын жагсаалт гаргаж, энэ ондоо хэрэгжүүлье хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулган”-ы нээлтийн үеэр онцоллоо.


Монгол Улс коронавирусний вакцинжуулалтыг амжилттай хийж, дэлхий нийтэд хилээ нээсэн ч олон улсын гоеполитикийн асуудал хүндрэл дагуулж, гадаад худалдаанд дахин саад тотгор учирч, инфляци ихээр нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсын өмнө биш дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Тиймээс ч “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дамжуулан цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд төсөв, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх ёстойг чуулганд оролцогчид анхааруулж байв.


Монгол Улсад 2011 онд орж ирж байсан шууд хөрөнгө оруулалтын үр дүнд нэг жилийн дотор ДНБ 17 хувиар өссөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Гэтэл 2020 онд цар тахал болон бусад нөлөөллөөс шалтгаалан эдийн засаг -5 хувь болсон буюу 2011-2020 онд ДНБ-д 22 хувийн савалгаа үүсжээ. Коронавирусний үед Монгол Улс төсөв, мөнгөний хавсарсан бодлого хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь үр дүнгээ өгч, 2021 онд эдийн засаг 1.4 хувиар өссөн ч цаашид эдийн засгийг улам бүр сэргээх, тогтворжуулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Үндсэн зургаан зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ч үүнд чиглэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Уг бодлогын зургаан зорилт эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаад буй суурь шалтгаануудыг арилгахад чиглэсэн, “байгаа оносон” зорилт байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, чуулганд оролцсон “Бостон консалтинг” группийн партнер Майкл Макадү улс орнууд засаглалаа сайжруулж, хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангах нь эдийн засаг илүү хурдан өсөх, гадаад, дотоодын хөрөнгө орох үүд хаалга гэдгийг онцолсон. Түүнчлэн дэд бүтцийн хөгжил улс орнуудын хоорондох худалдаа, тээвэр, ложистикийн холболтыг дээшлүүлж, сайжруулж, өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Энэ бүхэн нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг бодлоготой нийцэж буй юм.

Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг Монгол Улсын хувьд нэн тэргүүнд эдийн засгаа солонгоруулах шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Ингэхдээ хувийн хэвшлийн болоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь туйлын чухал байна. Монгол Улсад 1990 оноос хойш 35.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний үндсэндээ 50 хувь нь Оюутолгой төсөлтэй холбоотой аж. Нийт хөрөнгө оруулалтын  70 хувь нь уул уурхай, 17 хувь нь худалдаа үйлчилгээ, 3 хувь нь банк санхүү, 10 хувь нь бусад салбарт чиглэсэн байна.

Бүтээлч салбар буюу аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, барилга, тээврийн салбарт тус бүр нийт хөрөнгө оруулалтын ердөө нэг хувь нь орсон байна. Үүнийг өөрчлөх талаар олон жил ярьж байгаа ч хэрэгжүүлж буй ажил, хөтөлбөр нь үр дүн багатай байгаа. Тиймээс ч Сангийн сайд Б.Жавхлан 20 багцын 94 төслийг хөрөнгө оруулагчдад санал болголоо. Энэ бол 100-120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын том зах зээл. Нийт 94 төслөөс 60 нь ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэрэг бэлтгэл ажлаа 100 хувь хангасан, зарим нь хөрөнгө оруулагчаа татчихсан, зарим нь хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа. Харин 31 төсөл нь ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээгээ хийгээгүй байгаа. Эдгээр төсөлд түлхүү анхаарахыг Сангийн сайд хөрөнгө оруулагчдад санал болгосон юм.


Ийнхүү тус чуулганы хүрээнд нэгдсэн 5, салбар 12 хуралдаан боллоо. Чуулганы төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болж байна. Хүнээр ярьвал төлөвшиж буй нас. Монголын ардчилал илүү төлөвшиж байна гэдэгт би итгэлтэй байдаг. Эдийн засгийн бие даасан, тусгаар байдалд саад болж буй хүчин зүйлээ давахтай холбоотой энэхүү чуулган хожим түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн нь анзаарагдана гэдэгт итгэлтэй байна.  Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй, тэднийг дэмжлэг ардчилсан зарчмаар асуудлаа шийдэж чаддаг, хөгжиж буй, хөгжих боломжтой улс. Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь 40-өөс доош насны залуус бүрдүүлдэг өвөрмөц үндэстэн. Монгол Улс бол сэрж байгаа улс юм. Хөгжлөө шинэ сэргэлтээр баяжуулж, тун удахгүй Ази, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтөөр тэргүүлсэн улс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Мөн тэрбээр одоогоор нэн чухал 10 асуудлын шийдлийг гаргахад эрт байгааг төлөөлөгчид хэлж байгаа тул ажлын баг гаргахаар болсныг онцолсноор чуулган өндөрлөв.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан зорилтын хүрээнд доорх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:


Боомтын сэргэлт: Хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбохоор Засгийн газар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.

Эрчим хүчний сэргэлт: Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

Аж үйлдвэржилтийн сэргэлт: Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.

Хот, хөдөөгийн сэргэлт: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.

Ногоон хөгжлийн сэргэлт: “Тэрбум мод”  үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.

Төрийн бүтээмжийн сэргэлт: Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

Холбоотой мэдээ