Буриад Улсын аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-04-27 16:50:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын аялал жуулчлалын салбарын уулзалтыг Русский домд өнөөдөр зохион байгууллаа.


Хоёр орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог хэлэлцүүлэх зорилготой уг уулзалтын үеэр Буриадын аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа сурталчилсан юм.


Тус улс цар тахлын өмнөх үед жилд 500 мянган жуулчин хүлээн авдаг байсан бол цар тахлын үед аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа зогсоогоогүй, жуулчдын тоо 300 мянгад хүрчээ. Тиймээс энэ жил аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа сэргээн тус улсын Засгийн газраас үзүүлж буй санхүүжилтийн үндсэн дээр жилд 500 мянган жуулчин татах бүрэн боломж бүрдсэн. Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденовын төлөвлөснөөр энэ жил зөвхөн ОХУ-ын иргэд төдийгүй гуравдагч орны аялал жуулчлалын салбарын нэг сая хүртэлх жуулчин татах Засгийн газрын хэтийн төлөв бодлогод тусгасан гэдгийг Буриад Улсын Аялал жуулчлалын сайд А.Д.Доржиев энэ үеэр онцлов.


Тэрбээр хэлэхдээ, “ОХУ-ын Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, өргөжүүлэн тэлэх, сайжруулахад Засгийн газраас 300 сая орчим рублийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Иймээс Буриад Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон обьектууд, тэр тусмаа дэлхийн өв болсон Байгаль нуур бүс орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд уг санхүүжилтийг чиглүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр Буриад Улсын нутаг дэвсгэр дээр шинээр зочид буудлын 17 цогцолбор барина. Түүнчлэн ОХУ-ын 30 мянган иргэн энэ жил Байгаль нуурт аялах хүсэлтэй тухай судалгааны дүн харуулсан. Энэ нь Буриад Улсаар дамжин Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйлчлүүлэгч болох бүрэн боломжтой гэж бид үзэж байна” гэв.

Буриад Улсын аялал жуулчлалын салбарын үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг монголын жуулчид эзэлдэг. Одоогийн байдлаар Буриад Улс монголын жуулчдыг хүлээн авах тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх, хамтарч ажиллахад бэлэн буйгаа тэрбээр илэрхийлэв.

Мөн тэрбээр, “Буриад Улсын Монгол Улстай хиллэж буй Хөвсгөл нуур, ОХУ талаасаа хиллэдэг Тункийский районы бүс нутгийн аялал жуулчлалыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж эхэлсэн. Тиймээс Монгол талаасаа аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон төр засгаас Хөвсгөл бүс нутгийн аялал жуулчлал гадаадын аялал жуулчдыг хүлээж авах аюулгүй, тав тухтай нөхцөл байдлыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаасай хэмээн хүсэж байна. Жилээс жилд ОХУ төдийгүй европын жуулчид өрнө, дорнын өв соёлд анхаарлаа хандуулдаг болжээ. Тиймээс ОХУ-аар дамжин өнгөрч  буй гадаад орны жуулчид болон орос иргэд Хөвсгөл нуурт аялахыг хүсдэг. Хөвсгөл нуурт аялах  хамгийн дөт зам нь Тункийскийн район, Тункийскийн хөндийгөөр дамжин өнгөрч буй маршрут юм. Эртний цайны зам дагуух түүх соёлын өвтэй танилцах сонирхолтой гадны жуулчдыг татъя гэвэл Монгол Улсын Засгийн газар болон тур оператор, компаниуд Хөвсгөл бүс нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сайн анхаарах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.


Энэхүү уулзалтад Буриад улсын аялал жуулчлалын салбарын томоохон 24 компанийн удирдлагууд, зочид буудал, амралтын газар, аялал жуулчлалын баазын төлөөлөл оролцсон юм.




Холбоотой мэдээ