Уур амьсгалын ногоон сангийн УЗ-ийн хурлыг Монголд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-05-03 18:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна. Тэрбээр Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Грелмарк болон тус сангийн албаны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.


Уулзалтаар дээрх сангаас манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг хэлэлцжээ. Уур амьсгалын ногоон сангаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 20 орчим төсөл хэрэгжүүлж, 400 орчим сая долларын санхүүжилт хийжээ. Төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарк илэрхийлж, Монгол Улс нь төсөл хэрэгжилт дээр жишиг улс гэдгийг онцлов.


Хоёр тал Уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах талаар ярилцлаа. Энэ талаар ноён Янник Глемарк, энэ оны 10 дугаар сард сангийн удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналтай байна гэдгээ  илэрхийлсэн бол сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахыг албан ёсоор урьсан юм. 


Уулзалтын төгсгөлд, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаа байгаль, экологийн асуудал тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, ойн тогтвортой менежмент, хүлэмжийн хий шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байгаа”-гаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ