К.Фүмио Их Британид хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-05-05 13:51:42

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Зүүн Өмнөд Ази, Европын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Их Британид хүрэлцэн очжээ.


Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой Украин дахь нөхцөл байдлын талаар пүрэв гаргийн орой хэлэлцэх төлөвтэй байна. К.Фүмио Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Украиныг дэмжих чиглэлд хамтран ажиллахаа батлахыг зорьж байгаа ажээ.


Мөн талууд Японы өөрийгөө хамгаалах хүчин болон Британийн армийн хамтарсан сургуулилалтыг хэрхэн зохион байгуулах тухай Япон, Их Британийн харилцан нэвтрэх гэрээний талаар хэлэлцэх төлөвтэй байна. Энэхүү баримт бичиг нь хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.


Мөн К.Фүмио, Б.Жонсон нар Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт нэгдэх Их Британийн хүсэлт, хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ