С.Энхболд: Никотины хэмжээг багасгаснаар тамхины хор буурна гэсэн нотолгоо байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-11 20:19:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны  тухай”  мэдээллийн хүрээнд тамхины хэрэглээний талаар хийсэн судалгааны талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 


Тэрбээр мэдээлэлдээ, "ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  2019 онд ДЭМБ-ын баталсан аргачлалаар “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа"-г хийсэн. Судалгаагаар нийт хүн амын 24.2 хувь,  үүнээс эрэгтэйчүүдийн 43.7, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн дүн гарсан. “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа-2019” Монгол Улсын тайланг эцэслэн гаргаж, тоо баримтын хуудсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хянаж, эцэслэн баталгаажуулсан. Уг судалгаа нь залуучуудын тамхины хэрэглээний зан байдал, мэдлэг, хандлага, итгэл үнэмшлийн талаарх маш чухал мэдээллийг багтаасан төдийгүй эрүүл мэнд, нийгэм, боловсролын хөтөлбөрь мэдээлэл өгөхөд ашиглагх бөгөөд хэвлэгдэхэд бэлэн болсон" гэлээ.


Уг судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 13-15 насны буюу 7-9 дүгээр ангийн нийт 4 474 сурагчыг хамруулжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь, үүнээс хөвгүүдийн 63.5, охидын 42.7 хувь нь ямар нэгэн тамхи татаж үзсэн байна. Нийт сурагчдын 6.1 хувь, үүнээс эрэгтэй сурагчдын 6.4, эмэгтэй сурагчдын 4.1 хувь нь 6 ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан. Электрон тамхийг 13-15 насныхны 3.5 хувь нь хэрэглэж байгааг тогтоосон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82.9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.


Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4 мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0.5-15.4 мг агуулагддаг байна. Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа  ойлголт түгээмэл байна. Тамхинд никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ арга нь үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн нэг хэлбэр болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан гэв.


Мөн тэрбээр,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байгааг онцлоод тамхины хэлбэр өөрчлөгдөж, электрон, усан, халаадаг төрлүүд шинээр гарч, цахим худалдаа  нэмэгдэж, ил задгай байрлуулж, тамхи татах сэдлийг төрүүлж, сурталчилгааны хяналтгүй орон зай бий болгож байгаа нь хяналт, зохицуулалтыг сайжруулах бодит хэрэгцээг үүсгэж байна. Иймд Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулахаар Эрүүл мэнд, Хүнс Хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ажлын баг байгуулан ажиллаж байна гэлээ.


Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд электрон тамхийг олон нийтийн газар, битүү орчинд татахыг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, тамхийг онцгой албан татварт хамруулах зэргээр холбогдох хуулийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, зургадугаар сард багтаан батлуулах санал хэлж байлаа.


Ингээд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд тамхины хэрэглээг хорих зарим арга хэмжээний тухай тогтоолд гишүүдийн саналыг нэмж тусган батлав.

Холбоотой мэдээ