“ОПЕК” дэлхийн эдийн засаг, нефтийн эрэлтийн таамаглалыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-13 13:17:25

ВЕНА. /Anadolu/. Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ COVID-19” халдвараас үүдэлтэй хязгаарлалтууд, геополитикийн хурцадмал байдлыг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлт, нефтийн эрэлтийн энэ оны урьдчилсан таамаглалаа пүрэв гарагт бууруулжээ.  


Тус байгууллагын сар тутмын нефтийн зах зээлийн тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг 2022 онд 3.5 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь сарын өмнөхөөс 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм.


ОПЕК дэлхийн эдийн засагт тулгарч буй томоохон сорилтуудыг нэрлэсэнд геополитикийн хурцадмал байдал, цар тахал, инфляцын өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний асуудал, олон бүс нутаг дахь өрийн түвшин, мөн АНУ, Их Британи, Япон, евро бүсийн Төв банкууд мөнгөний бодлогоо чангатгах төлөвтэй байгаа зэрэг багтсан байна.


Мөн тус байгууллага энэ оны дэлхийн нефтийн эрэлтийг өмнөх оныхоос өдөрт 3.4 сая торхоор нэмэгдэнэ гэж таамагласан ч өмнөх сарын таамаглалаас өдөрт 300 мянган торхоор бууруулжээ. “2022 оны нефтийн эрэлтэд Зүүн Европ дахь геополитикийн байдал, “COVID-19” цар тахлын хязгаарлалтууд нөлөөлөх төлөвтэй байна” гэж тайланд дурджээ. 

Холбоотой мэдээ