Бүх нийтээр мод тарих ажил эхэллээ
ФОТО МЭДЭЭБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн ЗДТГ, БОАЖГ, сумын ЗДТГ, ИТХ, ХХҮГ, ойн ангиас хамтран бүх нийтээр мод тарих ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Баянхонгор аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод ургуулахаас энэ онд 500 мянган мод тарихаар төлөвлөсөн юм. Энэ хүрээнд шинэ суурьшлын бүсэд 3 км ойн зурвасыг 75 мянган модтой байгуулахаар болж, энэ онд 25 мянган мод тарихаар ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Мод тарихад төрийн байгууллага, иргэд бүх нийтийн оролцоог хангах ба зохион байгуулагчдын зүгээс иргэн бүр гурван мод тарихыг уриаллаа.
Өнөөдрөөс шинэ суурьшлын бүсэд төрийн байгууллагууд бүх нийтээр хайлаас, улиас, бургас зэрэг модыг тарьж эхлэх бөгөөд төрийн албан хаагчид болон иргэдийн сайн дураараа тарьсан модны усалгаа, арчилгаа хамгаалалтыг мэргэжлийн бригадууд цаашид хариуцан ажиллах аж.