Яргуй наадамд 114 суралцагч шагналт байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-18 08:32:45

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хүүхдийн ардын урлаг соёлын “Яргуй-2022” наадам болж 800 гаруй авьяаслаг сурагч оролцжээ.

Хүүхэд залуучуудад монгол өв соёлоо өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, тэдэнд урлаг гоо зүйн боловсрол олгох, төлөвшүүлэх зорилгоор жил бүр болдог тус наадам сүүлийн хоёр жил цар тахлын хөл хорионоос болж тасалдаад байсан билээ. Тэгвэл энэ жилийн “Яргуй-2022” наадамд аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг хүүхдүүд өргөнөөр оролцож, өрсөлдөөн ихтэй боллоо.

Наадамд аймгийн ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх клубийн 800 гаруй суралцагч таван төрлөөр оролцож шилдгүүдээ тодруулаад байна. Монгол ардын дуу гэхэд ардын богино дуу, уртын дуу, харилцаа дуу, монгол ардын бүжиг, гоцлол болон хамтлагаараа, ардын хөгжим, ардын язгуур урлаг, монголын уламжлалт шагайн наадгай гэхэд хасаа харваа, шагай шүүрэх гэх мэтчилэн төрлүүдээр боллоо.

Наадмыг аймгийн Хөгжимт жүжгийн театр, Соёл урлагийн Их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежийн багш нар шүүн тунгаасан нь мэргэжлийн түвшний ур чадварыг олж харах, урамшуулах боломжийг олгосон. Наадамд хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан сургууль, багш, эцэг эхийн хичээл зүтгэлээр хүүхдүүдийн авьяас чадвар жилээс жилд сайжирсан нь харагдаж байна. Оролцогчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог хангаж чадлаа. Энэ жилийн “Яргуй-2022” наадмын үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 5,0 сая төгрөгийг зарцуулсан гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.


Яргуй наадам хүүхдүүдэд ардын урлагийг сурталчилсан томоохон үйл ажиллагаа болдог

"Яргуй-2022” наадамд багийн дүнгээр Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль тэргүүн байрт шалгарчээ.

Тус сургууль энэ жилийн наадмын “Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч шилдэг сургууль”, шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан шилдэг багш нарыг шалгаруулсан бөгөөд тэргүүн байрт лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн хөгжмийн багш Ч.Баатарсүрэн, Д.Даваажаргал нар, дэд байрт Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II сургуулийн хөгжмийн багш Д.Болдбаяр, гутгаар байрт Улиастай сумын Дэвшил сургуулийн хөгжмийн багш Б.Батбаяр нар шалгарлаа. “Яргуй-2022” наадмын хүрээнд 114 суралцагч шагналт байрт шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Энэ наадам нь жил бүр хүүхдүүдэд ардын урлагийг сурталчлан таниулдаг томоохон үйл ажиллагаа юм. Давхардсан тоогоор 800 гаруй суралцагч үндэсний бахархал болсон ардын урлаг, соёлыг үе тэнгийнхэндээ сурталчлаад буй юм. Энэ жил гэхэд оролцогчдын 60 гаруй хувь нь ардын урлагийн мартагдах дөхсөн харилцаа дуу, нутгийн аялгууг тоглолт бүртээ шингээж харуулсан нь ч онцлог байв.




 Ирэх жил аймаг байгуулсны 100 жилээр морин хуурын нэгдсэн тоглолтыг үзүүлнэ

Завхан аймгийн 24 сумын нийт 36 ерөнхий боловсролын сургууль морин хуур хөгжмийн хамтлагтай.

2011 онд анх Сүхбаатарын талбайд 999 морин хуурч тоглуулсан Завхан аймгийнхан морин хуур хөгжмийг хүүхэд залуучууддаа сургах, монголын өв уламжлалаас суралцуулахад бодлогоор дэмждэг. Тиймээс ч 2013 онд аймаг байгуулсан 90 жилийн ойн баяраараа 2222 морин хуурчийг цэнгэлдэх хүрээлэндээ тоглуулж байсан. 2018 онд 3000 морин хуурчийг Улиастайд тоглуулж байсан түүхтэй. “Морин хуур” хөтөлбөрийг 2011 оноос хойш хэрэгжүүлсний үр дүн гарч сум бүрт бүх насныхан морин хуур хөгжмийг сонирхон суралцаж, Монголын уламжлалт ардын хөгжмийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй. Харин ирэх жил буюу 2023 онд Завхан аймаг байгуулсны 100 жилийн ой тохионо. Энэ үеэр тус аймаг төв цэнгэлдэх хүрээлэндээ морин хуурын аялгууг тоглоно, одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй. 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн гэж аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав. 




Холбоотой мэдээ