ГТБҮ-ийн устөрөгчийн үйлдвэрийн ажиллах горимыг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-24 10:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсад орчин үеийн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах цогц төслийг хэрэгжүүлж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, инженер мэргэжилтнүүд Итали улсад томилолтоор ажиллалаа.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн Устөрөгч үйлдвэрлэх байгууламжийн лиценз эзэмшигч “Кинетикс Техноложи” компанийн ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багцыг (BDEP) боловсруулж буй үе шаттай танилцан, техникийн баримт бичгүүдийг хянав. Мөн тус компанийн үйл ажиллагаа зохион байгуулалтыг сонирхож, газрын тос боловсруулах үйлдвэрийн операторын симуляторын програм, устөрөгчийн үйлдвэрийн шугам хоолойн инженерчлэл, 3D зураг төсөл, реформерын зуухны бүтэц, ажиллах горим, устөрөгч үйлдвэрлэх байгууламжийг модулиар салгаж тээвэрлэх боломж, барилга угсралтын шатанд хийх ажлыг судалжээ.


Түүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэрийн захиалагчийн хяналтын инженер “Прометеус” компанийн боловсруулсан ГТБҮ-ийн симуляторын програмтай танилцаж, Захиалагчийн инженер компаниас шаардлагатай техникийн зөвлөгөө авч, техникийн уулзалт хийсэн байна. 



Мөн “Кинетикс техноложи” компанийн лицензтэй Устөрөгч үйлдвэрлэх байгууламж бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн туршлагаас судалжээ. Женовагийн Бусалла хот дахь IPLOM (Industria Piemontese Lavorazione Oli Minerali) Газрын тос боловсруулах үйлдвэр нь 100 орчим жилийн түүхтэй, жилд 1,890,000 тонн газрын тос боловсруулдаг, хүчин чадлын хувьд манай улсад барьж буй үйлдвэртэй ойролцоо. Дизель түлш, битум, 0,1 хувийн хүхрийн агууламжтай мазут зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна экспортолж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ас мэдээллээ.


IPLOM нь монголын ГТБҮ-ийн технологийн байгууламжууд болох энгийн болон вакуум нэрлэгийн, дизелийн гидроцэвэрлэгээ, устөрөгч үйлдвэрлэх, гидрокрекингийн, амины регенерацийн, хүхэрлэг ус цэвэршүүлэх, хүхэр ялгах байгууламжийг суурилуулсан бөгөөд манай инженерүүд тэдгээрийн ажиллах горим, барилга угсралт, үйлдвэрийн технологийн байгууламжийн төлөвлөлтийн арга барилаас нь судаллаа. Түүнчлэн тус боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, бүтэц зохион байгуулалттай танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болжээ

Холбоотой мэдээ