Олон улсын Монголч эрдэмтдийн хуралд 29 орны эрдэмтэд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-08 12:47:57

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр Их хурлыг наймдугаар сарын 15-18–ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулна.  

Уг арга хэмжээний талаар ЕТГ-ын дарга П.Цагаан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл нар өнөөдөр "Иргэний танхим"-д мэдээлэл хийлээ.

”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулагдах Их хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх аж. Эрдэмтэд мөн хуралд оролцохоос гадна ШУА, хүрээлэнгийн эрдэмтэдтэй Монгол судлалын чиглэлээр судалгаа хийх юм байна. 

Хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, ЕТГ, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулах юм.

Дэлхий улс оронд Монгол судлалын олон холбоо, нийгэмлэг байдаг боловч монгол судлаач эрдэмтдийг нэгтгэсэн хамгийн том байгууллага нь Олон улсын монгол судлалын холбоо юм. Олон улсын Монгол судлалын холбоо 1959 оноос нэгдсэн зохион байгуулалтад орсон бөгөөд дүрмийн дагуу таван жил тутамд Их хурлаа хийж, Монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцдэг. 

Төрөөс Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан цаг үед энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр “Монголч эрдэмтний 11-р хурлын таван салбар хуралдаан тус бүрт ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн хуралд оролцож буй эрдэмтдийн илтгэлд өндөр шалгуур тавьж байна. Тиймээс салбар хуралдаанууд зохион байгуулалт сайтай, өндөр түвшинд болно гэж найдаж байна. БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл тэргүүтэй байгууллагууд хамтраад энэ арга хэмжээг өндөр түвшинд, дэвшилттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ