Хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах ТҮҮХЭН ШИЙДВЭР

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-20 13:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан судалгаа.


Тиймээс аливаа улс орны Үндэсний аюулгүй байдалд хүнсний хангамж, аюулгүй байдал чухлаар тавигддаг. Дэлхий нийт “КОВИД-19” цар тахал, олон улсын геополитикийн асуудлын улмаас хүнсний үйлдвэрлэл, тээвэр логистикийн сүлжээнд хүндрэл үүсэж, хүнсний аюулгүй байдал, хангамж улам бүр чухлаар тавигдах болсон. Энэ цаг үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтран хүнсний аюулгүй байдлаа хангах, хангамжийг сайжруулах түүхэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг УИХ энэ сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлав.


Хүнсний баталгаат байдлыг хангахад хангамж, хүртээмж, хэрэглээ, тогтвортой байдал гэсэн 4 суурь хүчин зүйлсийн оролцоог чухалчилдаг. Уг хүчин зүйлсийг бүрэн тусгасан уг тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг мөн баталсан бөгөөд бүрэн хэрэгжүүлснээр хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм. Тогтоолыг хэрэгжүүлэхэд нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай тооцоолол гарчээ. Уг санхүүжилтийг улсын төсөв, олон улсын байгууллага болон хандивлагч орнуудын зээл, тусламжаас гаргахаар шийдвэрлэсэн юм. Ингээд уг тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг уншигч танд хүргэе.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр: 

a/хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх; 

б/хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх;

в/тарифын зохицуулалт хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2022 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх;

г/ хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх;

д/хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах, хүнсний чиглэлийн бүх стандартыг аттестатчилан, үнэлгээ хийж, шаардлагатай стандарт, техникийн зохицуулалт, хүнсний сүлжээний үе шат бүрд зохистой дадлын зөвлөмж, зааврыг шинэчилж, шинээр батлах;

е/ хүнсний чиглэлийн бүх стандартыг аттестатчилан, шаардлагатай стандарт, техникийн зохицуулалт, хүнсний сүлжээний үе шат бүрд зохистой дадлын зөвлөмж, зааврыг шинэчлэн болон шинээр батлах;

ё/ мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг  боловсруулан батлуулах, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх; 

ж/ хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг боловсруулан батлуулах;

з/ хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хоруу чанар өндөртэй нян, хүнд металлын үлдэгдлийг хянах, хяналтын төлөвлөгөө батлах.

и/хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцийн нэгдсэн тогтолцоо, түүний удирдлагын системийг бий болгож, логистик нийлүүлэлтийн төвүүдийг үе шаттай байгуулах, холбогдох хууль, эрх зүйн орчныг бий болгож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 


Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

а/ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг урт хугацаатай, хүү багатай эх үүсвэрээс санхүүжүүлэх, улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулах; 

б/ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас батлан улс орон даяар “Эх орны эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлж буй “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-тай уялдуулан хэрэгжүүлэх; 

в/ хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

г/ мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх; 

д/ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад  аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх; 

е/ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн төрийн өмчит их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн их, дээд сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчид сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах;

ё/ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч, уур, дулааны эх үүсвэр, шатахуунаар тогтвортой, найдвартай хангах;

ж/ Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлогтой уялдсан уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх, хүнс бэлтгэх уламжлалт мэдлэгт суурилсан, инновац шингэсэн бүтээгдэхүүн бий болгох тогтолцоог бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;

з/ хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуй эрхлэхээр нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжид татварын болон бусад дэмжлэг үзүүлэх;

и/ Монгол Улсад үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд танилцуулах, сурталчлах боломжийг бүрдүүлж, экспортлох эрх зүйн орчныг бий болгох, дэмжлэг үзүүлэх.

й/хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр захиалгат судалгаа, туршилтын ажил хийлгэх хөрөнгийг нэмэгдүүлэх.


Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр: 

а/  тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэх зорилгоор шинээр 200  мянган га хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5  мянган га-гаар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах;

б/ ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн  аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх;

в/ “Монгол Улсад газар тариалан эрхлэх систем” технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх; 

г/ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйд шаардагдах дотоодын хэрэгцээт тэжээлийн хангамжийг 1.9 сая тонн хүргэхэд зохион байгуулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 

д/ хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 га хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлж, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50.0 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;

е/ хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр уул уурхайн үйлдвэрийг түшиглэн азот, фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэрэгжилтийг хангах;

ё/ бүх төрлийн будаа, чихрийн манжин, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай санхүүжилт, зээл олголтын оновчтой тогтолцоог бий болгон, бодлогын дэмжлэг үзүүлэх;

ж/ стандартын шаардлага хангасан үр тарианы элеваторын багтаамжийг 20.0 мянган тонноор, төмс, хүнсний ногоог хадгалах механикжсан агуулах, зоорины багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх;

з/ байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах зорилгоор экологид ээлтэй, усыг зөв зохистой ашиглах усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах, шинэчлэх, усан сан бүхий, ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, дэмжлэг үзүүлэх;

и/ үйлдвэр, фермер, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн кластерийг бий болгоход чиглэгдсэн хөдөө аж ахуйн агро парк байгуулах;

й/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30.0 га, сумын төвд 10.0 га агро-ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж ойн зурвас байгуулах;

к/ жил бүрийн намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 100 гаас доошгүй мян.тонн хүнсний улаан буудайг худалдан авах нөөц бүрдүүлэх.


Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

а/ бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойн зохистой харьцааг бий болгох, малын эрүүл мэндийг хамгаалах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг чанаржуулах, малчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжтэй хамтран ажиллах;

б/ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, загвар хоршоог байгуулах, шинэчлэх, хоршоолох хөдөлгөөнийг бүхий л талаар дэмжих;

в/ хот суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг тус тус бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаадаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах; 

г/ гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

д/ зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод гарах экспортлох боломжийг бүрдүүлэх;

е/ мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах.

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

а/  мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;

б/ хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоосоо бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

в/ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, тэдгээрийн дотуур байрны суралцагчийн хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хяналт, оролцоог хангах;

г/ хуурай сүү, хүнсний давс, хүнсний тос, төмс, төрөл бүрийн будаа, элсэн чихрийн боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

д/ хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр /автомашин, вагон, онгоц/  тоноглогдсон тээврийн паркийг шинээр бий болгох, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг  тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;  

е/ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

ё/ хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний амт чанар, сав баглаа боодлыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын зориулалтын брэндийг хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг нь тогтвортой явуулахад эргэлтийн хөрөнгөөр дэмжих;

ж/ хүнсний нэмэлт, биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих;

з/ улсын хэмжээнд лабораторийн шинжилгээний аргачлалыг шинэчлэх замаар хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлох, экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх лабораторийн шинжилгээ, хяналт, шалгалтыг хийх тогтолцоог бүрдүүлэх, хилийн болон улсын итгэмжлэгдсэн лабораторийг чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

и/ хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.


Монгол Улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн  95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын танилцуулгад дурджээ. 


Судалгаагаар манай улс 2030 он хүртэл малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж, жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа. Харин хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж. Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай,  усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

Холбоотой мэдээ