Турк&Саудын Араб: Сэтгүүлчийг хөнөөсөн хэргээс хойш 4 жилийн дараа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-06-23 16:57:49

Истанбул дахь Саудын Арабын консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг егүүтгэсэн хэрэг гарснаас хойш анх удаа Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж Мохаммед бин Салман Турк улсад айлчилсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татлаа.


Хүн амины ноцтой хэргийн улмаас хоёр улсын хоорондуур “хар муур хөндлөн гүйж”, харилцаа нь нэн ээдрээтэй болсноор дипломат харилцаагаа тасалж ч магадгүй нөхцөл байдал үүсээд байв.  


Айлчлалынхаа явцад Саудын хунтайж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийжээ. Мөн хоёр улсын харилцааг бүрэн хэвийн болгох, хямралын өмнөх хэмжээнд хүргэх зорилгоор худалдаа-эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.  


Өөрийгөө залуу шинэчлэгч гэж дэлхий дахинд таниулахыг зорьж буй бин Салманы хувьд, сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн улмаас нэр хүндэд нь ноцтой сэв суусныг арилгаж, олон улсад тусгаарлагдсан байдлаас гарахыг эрмэлзэж байгаа юм.


Сүүлийн өдрүүдэд тэрбээр Иордан, Египетэд айлчилсан ба 7 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзахаар төлөвлөжээ. 2019 онд Ж.Байден хэлэхдээ “сэтгүүлчийн амийг зэрлэгээр хөнөөснийхөө төлөөсөнд Саудын Араб дэлхий дахинд шоовдорлогдон тусгаарлагдсан улс /pariah state/ болно” гэж байв.


Сэтгүүлчийн амийг зэрлэгээр хөнөөснийхөө төлөөсөнд Саудын Араб дэлхийн дахинд шоовдорлогдон тусгаарлагдсан улс болно. 


Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хүнд хямралд нэрвэгдээд буй Турк улсын хувьд, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны шинэ түншүүд нэн чухал байгаагаас гадна Эрдоган ба түүний намыг 2023 онд болох хүнд сонгууль хүлээж байгаа. Иймээс Эрдоган сүүлийн жилүүдэд таагүй харилцаатай болсон Саудын Араб, Израиль, АНЭУ, Египет зэрэг орнуудтай урьдын хэлхээ холбоогоо сэргээхээр оролдож буйн нэг илрэл нь бин Салманы айлчлал болой.


Үүнээс өмнө Туркийн ерөнхийлөгч энэ оны 4 дүгээр сард Саудын Арабад айлчлах үеэрээ олны өмнө ханхүү Мохаммедийг тэвэрч, хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ эрин үе ирлээ хэмээн мэдэгдэж байв.  


Эрдоганы үйлдэл, мэдэгдлийн талаар Туркийн сөрөг хүчний гол төлөөлөл болох Бүгд найрамдах ардын намын дарга Кемаль Кылычдароглу ярихдаа, Хашоггийг хөнөөх тушаал өгсөн хүнтэй тэврэлдэж буй Ерөнхийлөгчийг хатуу шүүмжилжээ.

Талийгаачийн сүйт бүсгүй Женгиз твиттер хуудсандаа “бин Салман улс төрийн нэр нөлөөгөө бэхжүүлж, гадаадад айлчилсаар байгаа нь тэр бол алуурчин гэх баримтыг баллуурдан арилгаж чадахгүй” гэж жиргэсэн байна.


Эрдоганы айлчлалын өмнөхөн Истанбулын шүүх Хашоггийг хөнөөхөд оролцсон хэрэгт сэжиглэгдэж буй Саудын Арабын 26 иргэнтэй холбоотой эчнээ шүүх хурлыг зогсоож, хэргийг Саудын Арабын шүүхэд шилжүүлжээ. Энэ алхам нь алуурчид хариуцлагаас мултрахад нөлөөлнө хэмээн хүний эрхийг хамгаалагчид дүгнэж байна.


Туркийн тусгай албад Саудын Арабын консулын газарт нууцаар сонсох төхөөрөмж байрлуулж, аллагын процессыг бүгдийг нь бичиж авсан байсан нь алуурчдыг илрүүлэхэд гол нотолгоо болсон билээ.


Туркийн тагнуулчдын бичлэгт үндэслэн НҮБ-ын шинжээчдийн хийсэн дүгнэлтээр, Саудын Арабын тусгай албаны 15 ажилтан Хашоггийг зэрлэгээр хөнөөснийхөө дараа түүний цогцсыг мөчлөн жижиглэж цүнхэнд хийгээд консулын газраас гарч явцгаасан байна. Дараа нь тэд Каир, Абу-Дабигаар дамжин нутагтаа иржээ. Харин Хашоггийн цогцос өнөөг хүртэл олдохгүй байгаа юм.


Хашоггийг хөнөөсөн хэрэгт бин Салман буруутай гэдгийг Эрдоган хэлж байсан бөгөөд гэхдээ шууд бус байдлаар “түүнийг хөнөөх тушаал маш дээрээс ирсэн” гэж байв.   


Америкийн тагнуулын албаны үзэж байгаагаар, тэрсүү үзэлт сэтгүүлчийг хулгайлах эсвэл түүний амийг егүүтгэх тушаалыг бин Салман өөрөө өгсөн аж. Бин Салман 2017 оноос хойш аюулгүй байдлын албад, тагнуулын байгууллагуудыг хяналтандаа байлгаж байгаа учраас Саудын албан тушаалтнууд ханхүүгийн зөвшөөрөлгүйгээр хүний амийг хөнөөх тусгай ажиллагаа явуулсан байх магадлал тун бага гэдгийг АНУ-ын Үндэсний тагнуулын албаны илтгэлд дурджээ. Америкчуудын дүгнэлттэй Эрдоган санал нэг байсан бөгөөд нууц бичлэг задарсны дараа Туркийн хэвлэлүүд байн байн дуулиан дэгдээж, бин Салманы нэр хүндийг унагасаар байлаа. Үүний хариуд Саудын эрх баригчид “эрүүгийн хэргийг улс төржүүлж, олон улсад дуулиан болгохоор оролдож буй” Туркийн талыг буруушааж, Туркийн бараанд хориг тавьснаар хоёр улсын харилцаа эрс хүйтэрчээ.  


Саудын прокурорын газраас мэдэгдсэнээр бол, тусгай албаны ажилтнууд өөрсдийн дур зорго, санаачилгаар ажилласан бөгөөд ханхүү энэ талаар юу ч мэдээгүй байжээ. Хэрэг гарснаас хойш нэг жилийн дараа Саудын Арабын шүүх аллагад оролцсон 5 хүнд цаазын ял /дараа нь 20 жилийн хорих ялаар сольсон/, 3 хүнд 7-10 жил хорих ял оноосон боловч тэдний нэрсийг одоог хүртэл зарласангүй


Хашоггийн талаар эргэн дурсахад, зартай террорист Осама бин Ладены хувийн урилгаар Афганистанд очиж түүнээс ярилцлага авсныхаа дараа тэрбээр сэтгүүлчийн хувьд ихэд нэрд гарсан билээ


Хашогги 2017 онд эх орноосоо гарч явсныхаа дараа АНУ-д ирж суурьшив. Америкт байх хугацаандаа The Washington Post сонинд нийтлэлүүдээ хэвлүүлж, Саудын Арабад үүссэн нөхцөл байдал, тус улсын гадаад бодлогод дүн шинжилгээ хийхдээ Эр-Риядын эрх баригчдын үйл ажиллагаа, ялангуяа угсаа залгамжлагч ханхүү Салманы хийж буй үйлдлүүдийг эрс шүүмжилдэг байв. 


2018 оны намар Хашогги Европт ирж, 10 дугаар сарын 2-ны өдөр Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очжээ. Учир нь, түүний хувьд, өөрийн сүйт бүсгүй, Туркийн иргэн Хатиже Женгиз-тэй гэрлэхэд шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой байж.  Түүнээс хойш Хашогги сураггүй болсон билээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ