ӨВӨРХАНГАЙ: Ч.Гүнсэнхорол: Наадмаар 60 км зам засварыг хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохицуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
ӨВӨРХАНГАЙ /МОНЦАМЭ/. 2022 онд хийх хөрөнгө оруулалтын ажил, зарим томоохон байгууламжийн ажлын явцын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Гүнсэнхоролоос тодрууллаа.
- 2022 онд Өвөрхангай аймагт хэр хэмжээний төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ, явц байдлын талаар мэдээлэл өгөөч?
- Төсөв хэмнэх үүднээс улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлыг багагүй хасч танасан. Манай аймгийн хувьд хөрөнгө оруулалт хасагдаагүй, харин 2022 онд санхүүжих дүнг нэлээн багасгасан. Энэ жил Өвөрхангай аймагт улсын төсвийн 141 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсанаас 52 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авч, 29 төсөл, арга хэмжээг гүйцэтгэнэ. Худалдан авах ажиллагааг хуулийн хугацаанд зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулан 30 орчим хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
Томоохон ажлуудаас дурдвал, 320 хүүхдийн суудалтай сургууль Арвайхээр, Хужирт суманд тус тус барьж байна. Дөрвөн суманд цэцэрлэгийн өртгөтгөлүүд, Хархорин суманд 100 ортой эмнэлгийн барилга, Арвайхээр сумын 10, 11 дүгээр багийн айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугаманд холбох зэрэг ажлуудыг хийж эхэлсэн.
Орон нутгийн төсвийн нэг тэрбум, аймгийн Замын сангийн 700 сая, мөн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, засвар үйлчилгээ, агаарын бохирдол, зорилтот жил рүү чиглэсэн 20 орчим ажил гүйцэтгэнэ. Арвайхээр сумын “Од” хороололд хоёр том орон сууц ашиглалтад орсны улмаас тэр хэсгийн дулаан хангамжийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч байгаа. Иймд тэр орчны дулааны шугам сүлжээг өргөтгөнө.
Дээр нь ЗЗНДНТУТХ-ийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор боловсрол, эрүүл мэнд, соёлын салбаруудын их засварын ажил орон нутагт шилжиж ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 600 сая төгрөг хуваарилагдсан. Бид зайлшгүй засварлах шаардлагатай барилга байгууламжийн жагсаалтыг тодорхой аргачлалаар эрэмбэлэн гаргаад боловсролын салбарт 350 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 9, эрүүл мэндийн салбарт 150 сая төгрөгийн өртөгтэй 3, соёлын салбарт 100 сая төгрөгийн өртөгтэй 2 төсөл, арга хэмжээг гүйцэтгэж байна.
Хил гааль, тээвэр логистикийн саатал, бараа материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хугацаа алдах бэрхшээл байгаа ч бид байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа хугацаанд нь чанартай хийхийг гүйцэтгэгч компанид байнга хэлж ярьж, чиглэл өгч байна.
- Дулааны станц барих ажил аль түвшинд яваа вэ?
- Эрчим хүчний яамнаас арван аймагт дулааны станц барих төслийг гурван багц болгон зарлаж, гуравдугаар багц буюу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан гэсэн дөрвөн аймагт БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна. Ажлын явц гэвэл одоогоор мастер төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Станцын барилгыг энэ ондоо барих, ирэх жилд шугам сүлжээ, дамжуулах төвөө байгуулахаар төлөвлөж байгаа юм. Дулааны станц барихад нэгдүгээр хэлхээний 12 км төв шугам, 11 байршилд дулаан дамжуулах төвийг хамт барина. Бид орон нутгаас хамааралтай асуудлыг шуурхай шийдвэрлэж, ажлыг шахаж, уялдаа холбоотой ажиллаж байгаа.
Дулааны станц барихтай холбоотой нэг асуудал гарна. Юу вэ гэхээр өмнө хийсэн зам талбай, зарим үйлчилгээний төвүүдийн үүдний тохижилт нэлээдгүй эвдэгдэх, түр хаах шаардлага гарна. Энэ талаар бид тухайн байгууллагуудад урьдчилж хэлж сануулж байсан учраас маргаан зөрчил гарахгүй байх. Гүйцэтгэгч компанид ажлаа нарийн төлөвлөж байгаад богино хугацаанд хийж гүйцэтгэх санал хүсэлтийг бидний зүгээс тавьж байна.
- Цаашид дулааны станцын үйл ажиллагааг авч явахын тулд хүний нөөцийг яаж шийдэх вэ?
- Дулааны станц байгуулахтай холбоотойгоор орон нутагт боловсон хүчин бэлдэх шаардлага үүсч байгаа. Нарийн мэргэжлийн 20 гаруй инженер, техникийн ажилчид бэлтгэх хэрэгтэй болно. Боловсон хүчнээ төсөл хэрэгжих хугацаанд гүйцэтгэл дээр давхар ажиллуулаад сургаж авах төлөвлөгөөтэй байгаа.
- Баяр наадам, аялал зугаалгын цаг ирж байна. Хүйтний хөндийгөөс нааш чиглэсэн 60 км замын ажлыг зорчигчдын хөл хөдөлгөөнтэй хэрхэн зохицуулах вэ?
- Өнгөрсөн жил 21.6 км замд хучилт хийж, өвлийн улиралд зорчигчдыг эрсдэлээс хамгаалах үүднээс орон нутгийн хүсэлтээр түр нээсэн байсан. Гэвч энэ хугацаанд технологийн алдаа илэрсэн учраас Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, дүгнэлт гаргасны дагуу гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр тодорхой хэсгүүдэд дахин хучилт хийж, наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байна. Тухайн замд газрын онцлогоос хамаараад дөрвөн төрлийн хучилт хийж байгаа юм. Асфальтобетон хучилтыг 20-25 см-ын гүнд дахин боловсруулан цементээр бэхжүүлж, дээр нь 5-8 см буталсан чулуун суурь, 3 см асфальтобетон хучилт хийж байна. Баяр наадам аялал зугаалгын цаг ирж байгаатай холбогдуулан төслийн нэгж, зөвлөх баг, аймгийн холбогдох байгууллагууд байнга зөвшилцөж, шийдвэр гаргаад явж байгаа. Аль болох хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохицуулна. Замын ажил Ягаантолгойн Жаст колонк хүртэл тавигдана. Аймаг руу замын угсралтын ажил хийж эхлэхээр шатахуун түгээх станцуудын орц, гарц хаагдах учраас наадмын дараа хийхээр шийдвэрлэсэн.
Мөн Онгийн гүүр болон гүүрнээс цааш 7 орчим км газрыг наадмын дараа хааж хучилт хийнэ. Одоо бол бидний ярьдгаар хуучин цагаан хаалганаас төлбөр хураах пост хүртэл хэсэгт ажил хийгээд явж байна.
- Ойн баярыг угтаж, аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах уу?
- Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын багагүй ажлыг хийсэн. Тухайн үед ковидын цар тахал эрчимжиж байсан учраас баяр наадам тэмдэглэх болон бүтээн байгуулалтын хөрөнгөөс 700 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байсан.
Энэ жилийн хувьд “Төрийн хэмнэлтийн хууль”, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд тохижилтын ажил хийхийг хориглосон. Гэвч бид хууль батлагдахаас өмнө төлөвлөж, хөрөнгийг шийдсэн байсан цөөн ажлуудаа гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Арвайхээр суманд хоёр байршилд км орчим хатуу хучилттай зам шинээр тавьж байна. Эрчим хүчний шугам сүлжээний ажил хийж байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн 12 орон сууцны фасад, дээвэр шинэчлэлийн ажлыг ойн хүрээнд хийж байна.
- Хуучин орон сууцыг дахин төлөвлөлтөнд оруулах ажил шийдэгдэх болов уу?
- МХГ-ын дүгнэлт гарсан байруудаас хуучин 36 айлын орон сууцыг дахин төлөвлөлтөнд оруулахаар шийдвэрлэсэн ч эргэлзээтэй байдалд байгаа. Учир юу вэ гэхээр энэ тендерийн ажлыг Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүд бол сонирхоогүй. Зардал их, ашиг бага гэж үзсэн. Орон нутагт “Хангамж - Өргөө” ХХК оролцож, тухайн байрны оршин суугчидтай уулзаад зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Тендерт оролцож байгаа компани нь холбогдох хууль тогтоомжийн дагуу оршин суугчдаас саналыг авч, зөвшилцсөн байх ёстой. Нэг л оршин суугч зөвшөөрөөгүй тохиололд энэ төсөл хэрэгжих боломжгүй. Одоогоор 36 айлын сууцанд 47 айл, нэг үйлчилгээний цэг байна. Тэдгээрээс 34 айл зөвшөөрч байгаа. Бүтэн барилгыг буулгаад дахин шинээр барина гэдэг хоосон газарт барилга барихаас илүү зардал гарна гэдгийг зарим оршин суугчид ойлгож байгаа учраас одоо байгаа байраа ч, шинэ байраа ч зах зээлийнх нь үнээр үнэлээд зөрүүг нь өгнө гэж байгаа юм.
Мөн хоёр айл зөвшөөрөөгүй, байрныхаа оронд мөнгө авья гэсэн таван өрх, байрныхаа квадрат талбайг тэр хэмжээгээр нь тулна гэсэн зургаан оршин суугч байна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.


