СЭЛЭНГЭ: Газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-28 13:57:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна.


Төрийн тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллахдаа тус аймгийн Хушаат сум дахь “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн ургац хураалтын ажлын явц, тариалангийн талбайн ойн зурвас, мод үржүүлгийн төвөөр орлоо.   


Тус компани нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд эргэлтийн 4000 га газар тариалан эрхэлдэг. Энэ хамт олон Улсын аварга тариаланч хамт олноор 3 удаа шалгарсан юм. Мөн “Өгөөж Мандал Уул” ХХК нь хөрс хамгаалах чиглэлээр дэвшилтэт технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн амжилтыг үзүүлсэн гэдгээрээ онцлогтой юм.  


Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа хураалт 32, төмс, хүнсний ногооны хураалт 60 хувьтай байна. 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 55 мянган тн улаанбуудай, 964 тн тэжээлийн ургамал, 4 мянган тн тосны ургамал, 15 мянган тн төмс, 20 мянган тн хүнсний ногоо хурааж авсан байна.


Тариаланчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэлж байв.


Мөн төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт хоёр дахин нэмэгдсэн нь үүний үр дүн. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

 

Холбоотой мэдээ