АНУ-д “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-10-04 10:28:23

ВАШИНГТОН. /NBC/. АНУ-ыг дайран өнгөрсөн хамгийн хүчтэй шуургануудын нэгд тооцогдож байгаа “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо даваа гаргийн байдлаар 100-д хүрч нэмэгджээ.


Тодруулбал, Флорида муж улсад 96 хүн, Хойд Каролина муж улсад дөрвөн хүн амиа алдсан байна. Аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор амиа алдагсдын тоо нэмэгдэж байна. 


Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь /54 хүн/ урьдчилсан мэдээллээр шуурганы дайран өнгөрөх чиглэлд байгаагүй Ли тойрогт бүртгэгдсэнтэй холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эрт гаргаагүйтэй холбоотой шүүмжлэл газар аваад байна.


“Иан” хар салхи өнгөрсөн лхагва гарагт Флоридагийн баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсгэсэн бөгөөд хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсэн юм. Тус муж улсад ням гаргийн байдлаар 800 мянга гаруй хэрэглэгчийн хангамж тасалдсан хэвээр байжээ.


Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар есдүгээр сард “Фиона” хар салхинд нэрвэгдсэн Пуэрто-Рико аралд нөхцөл байдалтай биечлэн танилцахаар очсон бөгөөд Флоридад лхагва гарагт очихоор товлосон байна. 

Холбоотой мэдээ