ӨВӨРХАНГАЙ: Улсын Онцгой комиссын ажлын баг Өвөрхангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-06 09:24:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.


Ажлын багийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүд яваа бөгөөд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, харьцангүй сайн гэх үнэлгээг өгсөн юм.


Ялангуяа, малаа бүрэн эрүүлжүүлсэн, бэлтгэл ажлын тооцоо судалгаа сайн байгаа, аймаг өөрөө ногоон тэжээл тариалсан нь чухал ач холбогдолтой хэмээн онцлог ажлуудыг сайшаалаа. Мөн улсын хэмжээнд бэлчээрийн даац 90 хувь хэтэрсэн, эрсдэл өндөр хоёр аймгийн нэг нь Өвөрхангай учраас бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сайтар хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах үүрэг чиглэл өглөө.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж ажлын багт хандаж, хэд хэдэн чиглэлээр санал хүсэлт тавьсан юм.  

Холбоотой мэдээ